Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн эрт илрүүлэлтийн аяныг орон даяар хэрэгжүүлэхдээ 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон юм.
“Элэгний төв” лабораторийн Ерөнхий менежер С.Хишигтогтох “Өндөр настнуудын дунд элэгний вирусын халдварын тархалт хамгийн өндөр байгаа нь мэргэжлийн эмч эрдэмтдийн хийсэн судалгаагаар нотлогдсон. Тиймээс 65-аас дээш насны азай буурлуудыг элэгний эмгэг өвчлөл, вируст хепатитын халдвараас хамгаалах эрүүл мэндийн бодлогын гадна орхигдуулж болохгүй гэсэн үүднээс Монголын эмч нарын нийгэмлэг, Оном сан, Монголын гастроэнтерологийн холбоо хамтран элэгний өвчлөл хамгийн өндөр Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах хоёр сарын аяныг маргаашнаас эхлэн аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгээр дамжуулан зохион байгуулна” гэв.
Түүнчлэн энэ хүрээнд Улаанбаатар хотын 65-аас дээш нaсны иргэдийг вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах ажлыг “Элэгний төв” лабораториор дамжуулан хийх болсныг мэдэгдэв.
Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд “Элэгний төв” лабораторид маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд үнэгүй хамрах боломжтой ажээ.
+ There are no comments
Add yours