Баярын өдрүүдэд зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгджээ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-15-нд  Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 1236 дуудлага иржээ.
Үүнээс зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 70 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 27, мөргөлдсөн 36, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрөв, онхолдсон хоёр осол бүртгэгдсэн байна.
Харин алба хаагчдын гудамж замд хийсэн шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 238 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Бүх нийтийн амралтын өдрүүд дуусч орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо. Замын цагдаагийн албанаас орон нутгийн замд байнгын хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгааг мэдээлэв. Мөн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.
Д.Думаа

+ There are no comments

Add yours