Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр шүүгчийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт оруулсан талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулах журам шинэчлэн батлагдсан. Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийсний үр дүнд илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн. Ингээд шинээр журам боловсрууллаа” гэлээ.
УИХ-аар баталсан шүүгчийн орон тоог 700 орчим байхаар тогтоосон. Одоогоор улсын хэмжээнд 520 гаруй шүүгч ажиллаж байна. Шүүгчийн сонгон шалгаруулалтад жилд 3000 гаруй хуулийн мэргэжилтэй хүмүүс ордгоос 1000 гаруй нь давхардсан тоогоор дахин шалгаруулалтад ордог байна. Энэ нь шүүгч болох сонирхол өссөнийх.Гэвч шүүгчийн сонгон шалгаруулалтыг өөрчилж шалгуурыг өндөрсгөөд байгаа нь чанаржуулах бодлоготой холбоотой нь шинэчилсэн журмаас харагдлаа. Сонгон шалгаруулалтын шинэчлэн батлагдсан журмаар шүүгч суурь шалгалт, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт, ерөнхий шүүхийн шүүгчийн шалгалт, хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг өгөх юм.
Суурь шалгалт нь ерөнхий, тусгай гэсэн хоёр төрлөөс бүрдэнэ. Суурь шалгалт нь жилд хоёр удаа болох бөгөөд ерөнхий шатанд 60 оноо цуглуулах ёстой. Гэхдээ 36-аас дээш оноо авсан бол тэнцээд Тусгай шалгалтад орох эрхтэй болно. Харин Тусгай шалгалтад орсон хуульч 100 оноо цуглуулах ёстой бөгөөд 70-аас дээш оноо авч байж Суурь шалгалтад тэнцэх юм байна.Суурь шалгалтыг шүүгчээр ажиллаагүй хуульч өгнө. Өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтад хангалтгүй үнэлгээ авсан хуульч шалгалтад орох эрхээ хоёр жилээр хасуулдаг байжээ. Харин шинэчилсэн журмаар шалгалтад тэнцээгүй байсан ч дараагийн шалгалтад орох эрхтэй болж. Мөн өмнө нь хуульчид зөвхөн нэг орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой байсан бол одоо хэд хэдэн орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой зэрэг давуу талууд бий болсон байна.
+ There are no comments
Add yours