Header Image

“Монголын сайхан орон” киноны ая наадмын нээлтэд эгшиглэнэ

“Монголын сайхан орон” киноны ая наадмын нээлтэд эгшиглэнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн  “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг хэллээ. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өгсөн юм.

“Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд алдарт “Дефа” кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй юм байна. Тиймээс “Дефа” кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа уг хөгжмийн партитурыг хувилан авч, Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Шадар сайд У.Хүрэлсүх  ХБНГУ-ын талд илэрхийлжээ.

Шадар сайд уг гайхамшигт аялгууг хүлээн авах үеэр “Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайд Штефан Дуппел, соёлын атташе ноён Кристиан Зайферт болон нийт Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улс хийгээд ХБНГУ-ын дипломат харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн талархлаа илэрхийлжээ. Манай улс тус хөгжмийн зохиолын партитурыг хувилан авснаар хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглүүлээд зогсохгүй Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү  бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэж байгаа юм.

Д.Думаа

Leave a Reply

Your email address will not be published.