Гадаад жуулчин ‘Оюутан цагдаа’ нарт талархлаа

“Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” нар үүрэг гүйцэтгэж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрч байна.

Тэгвэл ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар АНУ-ын жуулчинд тусалжээ. Жуулчин Карл хоолны газраар үйлчлүүлэхдээ өөрийн төлөх ёстойгоос илүү мөнгө төлснөө буюу олон улсын картаас нь их хэмжээний мөнгө хасагдсан байхыг тус газраар үйлчлүүлснээсээ хэсэг хугацааны дараа мэдэж, оюутан цагдаа нараас тусламж хүсчээ.

Тэрбээр хэлэхдээ “Олон улсын картын төв” хайж яваад “Оюутан цагдаа” нартай тааралдсан. Тэд надад тусалж, цагдаагийн байгууллагадаа мэдэгдэж өгсөн. Би хоолны газраар үйлчлүүлээд 36 мянган төгрөгийн тооцоо хийх ёстой ч миний картаас 3.6 сая төгрөг хасагдсан байсан, санамсаргүй тохиолдол байх. “Оюутан цагдаа” нартай тааралдсаны ачаар би мөнгөө буцаан авч чадсан. Надад тусалсан “Оюутан цагдаа” нарт болон Монголын цагдаагийн байгууллагад маш их баярлаж байна” гэлээ.

Оюутан цагдаа нар нийслэлийн жуулчны урсгал ихтэй гудамж, талбайд, жуулчдад зориулсан томоохон үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ, үндэсний баяр наадмын үеэр болон “Шөнийн Улаанбаатар” гудамжинд ажиллаж гадаадын иргэн, жуулчдын аюулгүй байдлыг хангах, туслан дэмжих, нийслэл хотоо танилцуулах зэрэг үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Жуулчны улирлын хугацаанд “Оюутан цагдаа” нар ажилласнаар гадаадын жуулчид ямар нэг зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours