Элэгний өвчний тохиолдол Монгол улсад өндөр байна

Халдвар судлалын үндэсний төвийн урилгаар ирсэн Энэтхэг улсын эмч нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Элэг, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байгаа ажээ.

Шинэ Дели хотод байрлах Jaypee эмнэлэг 1200 ортой гуравдугаар шатлалын, олон төрлийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Тус эмнэлэг нь зүрх, бөөр, элэг, хавдар, гэмтэл, хоол боловсруулах эрхтэн судлал, эрхтэн шилжүүлэн суулгах олон төвүүдтэй. 2008 онд байгуулагдсан тус эмнэлэгт дэлхийн олон орноос өвчтнүүд хандан эмчлүүлдэг байна.  Эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарийн мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулан анагаахын мэдлэгийн солилцох замаар Монголын эмнэлгүүдийг бүрэн дэмжиж байгаагаа тэд хэлж байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээллээр элэгний өвчлөлийн тохиолдол дэлхийн дундажтай харьцуулахад Монголд өндөр байна. Уг мэдээллээр 10 нас баралтын нэг нь элэгний хорт хавдар эсвэл үүний урьдал өвчин болох циррозын шалтгаантай байгаа аж. Монгол улс циррозын нас баралтаар дэлхийд эхний гуравт орж байгаа нь вирусын гепатитийн тохиолдол өндөр байгаагийн үр дүн гэж мэргэжилтнүүд тайлбарлав. Элэгний өвчин \В болон С вирусын шалтгаант гепатит\ нь нас баралтын шалтгаанаар зүрхний титэм судасны өвчлөлийн дараа хоёрдугаарт ордог. Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1900 орчим хавдар оношлогддог байна.

Харин Jaypee эмнэлгийн туршлагатай эмч нар Монгол улсад ирж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгааг дуулгав. Монголын эмч болон яаралтай тусламжийн эмч нарыг сургах, тэдэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцах гарц нээгдэж байгааг онцоллоо. Өмнө нь ХСҮТ-тэй элэг шилжүүлэн суулгах тал дээр хамтран ажилладаг байсан бол одоо бүх төрлийн хавдрын өвчлөлийн эмчилгээнд хамтран ажиллахаар болжээ. Мөн Монголын эмч нар Jaypee эмнэлэгт зочилж, олон төрлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч нарын сургалтад сууж, туршлага хуримтлуулах боломжтой болсон байна.

Jaypee эмнэлэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүх төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийдэг байна. Мөн хүнд хэлбэрийн тохиолдлууд болон элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгалт, дахин элэг шилжүүлэн суулгах, АВО бүлэг таараагүй үеийн элэг шилжүүлэн суулгалт гэх мэт тохиолдлуудыг хийдгээрээ туршлагатай болжээ. Тус эмнэлгийн эмчилгээний үр дүн өвчнүүдэд 96 хувь, доноруудад 100 хувь байдгийг эмч нар онцоллоо.

Эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарийн мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулан анагаахын мэдлэгийн солилцох замаар Монголын эмнэлгүүдийг бүрэн дэмжих болно гэдгийг Jaypee эмнэлгийн туршлагатай эмч нар хэлсэн юм. Эдгээр нарийн мэргэжлийн эмч нар өнөөдөр, маргааш иргэдэд үнэ төлбөргүй үзлэгийг хийж, буцах юм байна.

+ There are no comments

Add yours