Header Image

Монголын хип хоп холбоо хар тамхины эсрэг аянд нэгдлээ

Монголын хип хоп холбоо хар тамхины эсрэг аянд нэгдлээ

“Монголын хип хоп холбоо”-ноос   Гайз хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын санаачилсан хар тамхины эсрэг аянд нэгдсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдлээ. Энэ үеэр тус  холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр “Сүүлийн үед хар тамхины  хэрэгт холбогдсон залуусын тоо ихэсч байна. Манай орон тээвэрлэгч орноос хэрэглэгч орны статустай боллоо. Үүнээс болж гадаадын зах зээлд бидний нэр хүнд унаж байна. Цаашлаад Монгол айл өрхийн айдас болтлоо өргөжлөө. Хүний амь эрсдсэн тохиолдол ч гарсан. Манай холбооны хэд хэдэн гишүүн, дуучид, хар тамхины хэрэгт холбогдож байсан түүх бий. Бидэнд алдсан тохиолдол ч олон. Одоо ухаарч ойлгуулах цаг нь болсон. Бидний алдсан алдааг залуучууд маань битгий давтаасай. Энэ хар тахлаас  улс  нийтээрээ хол байгаасай гэдэг үүднээс бид нэгдэж байна. Хар тамхи хэрэглэснээр хүнд сайн сайхан зүйл гэж нэгээхэн ч үгүй. Харин ч хүний биед сөргөөр нөлөөлдөг. Биеийн эсэргүүцэл сулардаг. Үүнийг хэрэглэсэн хүнийг мэдэхэд амархан. Нойргүйдэж, хоолны дуршил буурч, нүдний хүүхэн хараа томордог. Таны найз нөхөд, үр хүүхэд, дүүд тань хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгч, цаашдаа анхаарал хандуулах хэрэгтэйг зөвлөмөөр байна” гэлээ.

Зуны дэлгэр цагт залуус, өсвөр үеийнхэн амралт, аялал зугаалгаар явахдаа бусдад уруу татагдах вий гэхээс эцэг эхчүүд ч анхааралтай байж, хүн бүр иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлж, энэ хар тахлаас ангид байхыг  уриалсан юм.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.