“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ’ МЕДАЛИАР ШАГНАВ

Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн манай улсад ажиллах хугацаа дуусгавар болж улмаар Аргентин улсад томилогдон ажиллахаар болжээ. Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б. Халиун нар түүнийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Роберто Бэнес нь 2014 оны 10 сараас Монгол Улсад томиглогдон ажиллаж, сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах, аж байдлыг сайжруулах чиглэлээр үндэсний болон салбарын хууль, эрх зүйн орчин, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг бэхжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

Тэрбээр манай улсад томилогдон ажиллахаасаа өмнө Африк, Мексик, Индонези, Йордан улсад тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн. Иймд түүний Монголын нэг сая 79 мянга 730 хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хийсэн ажил, гаргасан шийдвэрт нь талархал илэрхийлж “Хүүхдийн төлөө” медалиар шагнав.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хэлэхдээ, “Бид удаан хугацаанд хамтарч ажиллаж чадаагүй хэдий ч богино хугацаанд чамгүй олон ажлыг хамтран хийжээ. Монголын хүүхдүүд танд үргэлж баярлаж явах болно. Учир нь та их олон сайхан ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн. Таны ажиллах дараагийн улс танд ээлтэй байх болтугай” хэмээсэн бол Роберто Бэнес, “Монгол Улс анх удаа гэр бүл хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай болсонд их талархаж байгаа. Учир нь гадны улс орнуудад Гэр бүлийн яам гэж тусгайлан байгуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь хүн амынхаа төлөө гаргасан чухал шийдвэрийн нэг болсон. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар шинээр байгуулагдаад хагас жилийг үдэж байгаа ч үр дүнтэй олон ажил хийж байгаа нь илхэн харагдаж байгаа. Иймд та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэв.
Г.Намуун

+ There are no comments

Add yours