Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгана

БОАЖЯ, БСШУСЯ, Сангийн яам хамтран өнөөдөр “Их сургуулийн сургалтын хөтөлбөрт ногоон эдийн засгийн концепцийг тусгах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган уг асуудлаар “Дэлхий нийтийн хөгжлийн хандлага ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу чиглэж байна. БОАЖЯ ч БХБЯ-тай хамтран барилгын салбарт ногоон хөгжлийг дэмжих, арилжааны банкуудтай хамтран экологид ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтарч эхэлсэн. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх гол үүргийг эх орны ирээдүй болсон залуучууд гүйцэтгэнэ. Тиймээс их дээд сургуулиуд ногоон эдийн засгийн чиглэлээр бие даасан сургалтын цагийг гаргадаг байх ёстой” хэмээв.

Монгол Улс 2030 он гэхэд  эдийн засгийн олон тулгууртай болгож, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан орон болох зорилго тавьсан. Энэхүү зорилгод хүрэхэд дээд боловсрол нэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид өнөөгийн ногоон хөгжил, эдийн засаг, нийгэм, технологийн нөхцөл, төлөв байдалд дүн шилжилгээ хийж, Ногоон эдийн засгийн боловсролын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

+ There are no comments

Add yours