Халаалтын 68 зуухыг зогсоолоо

Халаалтын 68 зуухыг зогсоолоо
Эрчим хүчний яам, нийслэлийн  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажлыг гүйцэтгэж эхэллээ. Эхний ээлжинд Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга гэх мэт газруудыг төвлөрсөн дулаанд холбосон байна.
Дараагийн ээлжинд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбох аж. Мөн
Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагдах 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.Одоогоор Амгалан дулааны станциас гарсан дулааны шугамыг өргөтгөх, хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төслийг боловсруулж буй бөгөөд нийт 22.9 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Түүнчлэн 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулснаар жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115,2 тонноор багассан гэсэн судалгаа гарчээ.

Энэ онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тонноор бууруулахаар тооцжээ.  Улмаар 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон  228 халаалтын зуухнаас хангагдах 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500 орчим барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121.573 тонноор багасгахаар ажиллаж буйг албаныхан хэллээ. Ингэснээр нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667,3 тонноор бууруулах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *