ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ИРГЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ САНАЛАА ӨГЛӨӨ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хүрээнд энэ сарын 10-11-нд хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд санал авах байранд очиж саналаа өглөө.
Санал авах ажиллагааны өмнө Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийсэн. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан хэмээн мэдэгдсэн аж.

Санал авах явцыг манай улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комиссоос зохион байгуулав. Тэдгээр салбар комиссоос өмнө нь санал авах иргэдийн бүртгэлийг явуулахад 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн.

Одоогийн байдлаар нийт хэдэн иргэн санал өгсөн гэх эцсийн дүн нэгтгэгдээгүй, мөн гурван нэр дэвшигчийн хэнд нь хэдэн санал өгсөн гэх мэдээлэл гарах болоогүй байна.
Харин цагийн зөрүүтэй улс оронд амьдарч байгаа иргэдийн хувьд санал авах байр хараахан хаагдаагүй байгаа юм.

+ There are no comments

Add yours