ГАДААДАД САНАЛ ӨГСӨН ИРГЭДИЙН САНАЛЫГ ЭНЭ САРЫН 26-НД ТООЛНО

 Олон нийтийн сүлжээгээр тодорхой нэг нэр дэвшигчийг аль нэг улсад ялалт байгуулсан мэтээр ташаа мэдээлэл цацаж байгаатай холбогдуулж Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос залруулга хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэн энэ сарын 10-11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газарт тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгч байгаа аж. Улаанбаатарын цагаар энэ сарын 11-ний өдрийн 14 цагийн байдлаар салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгчээ.

Харин цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу энэ сарын 12-ны өдрийн 13 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусна.

Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа энэ сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм. Иймд энэхүү мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй, буруу мэдээлэл юм.

+ There are no comments

Add yours