“Хуульч news” сэтгүүл зургадугаар сарын шинэ дугаартаа Монголын хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганы индэр дээрээс “Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын, “Бүтээх их үйлсийн ноён нуруу нь манай салбарын эрдэмтэд” гэж Хууль зүйн сайд С.Бямбацогтын хэлснийг онцолжээ.
Мөн ардчилсан Үндсэн хуулийг батлагчийн нэг, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хийсэн “Нэг сайн хуульч мянган мяндагтнаас илүү гэж боддог” гарчигтай ярилцлага нийтлэгдсэн байна.
Тэрбээр “…Хамгийн зөв, хамгийн шударга байж, хамгийн ончтой хэм хэмжээг барьж, аливааг язгуур гольдролд нь оруулж байдаг хүнийг л хуульч гэж хэлнэ, би.
Хүмүүсийн хандлага ч тийм. Сайн хуульч олох юмсан. Сайн хуульчтай болох юмсан. Сайн хуульч төрд гараасай. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Хууль цаазыг чандлан баримталдаг, түүнийхээ төлөө шударгуу явдаг, тууштай хүний л эрэлд гараад байна.
Сайхан дуучныг найр хурим дээрээ дуулуулах сан гэж хэн хүнгүй л хүсдэг биз дээ. Түүнтэй адил бүх хүний амнаас эрсэн хайсан адилхан үг гарч байна. Тэр нь сайн хуульч, сайн хуульч, сайн хуульч” хэмээн шогширчээ.
Тус сэтгүүл хуульд ямар боломж байдгийг сурталчлах, таниулах зорилгоор “Хууль судлахуй” нэртэй шинэ буланг энэ дугаараасаа эхлэн нээсэн байна.
“Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн тулгуур үзэл санааг задлан шинжихүй” сэдвээр хуульч, профессор Б.Пүрэвням даацтай өгүүлэл бичиж, уг хуулийн хэрэгжилтийн талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандахтай ярилцаж, тус хуулиар олгогдсон ямар ямар боломж байдгийг багцалж нийтэлсэн нь олонд өгөөж, хэрэгцээтэй мэдээлэл болжээ.
Сэтгүүлийн уламжлалт “Хуульч хуульчийнхаа тухай” буланд доктор, профессор Д.Зүмбэрэллхам гавьяат хуульч Суурийн Жанцан багшаа өнгө тод дурссан байна.
“Хуульч news” сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрээр худалдаалж байгаа ажээ.
+ There are no comments
Add yours