Дампуурлын тухай хуулийг шинэчилэхээр болжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нээж “Сүүлийн жилүүдэд Дампуурлын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тодорхой асуудлаар өөрчлөх, шинэчлэх саналууд энэ чиглэлээр судалгаа хийсэн байгууллагууд болон олон улсын байгууллагаас нэлээд гарч байгаа.

Энэ нь уг хуулийг нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжилтэй уялдуулж, олон улсын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн дахин боловсруулах шаардлага байгааг илтгэж байна. Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг энэ оны 4 дүгээр сард байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын эхний үе шат болох хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага судлах, хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх судалгааны үе шатанд олон улсын туршлага болон манай Дампуурлын хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндсөн зөвлөгөөн болж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэжээ.
Энэхүү зөвлөгөөн нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хамтран хэрэгжүүлж буй “Төлбөрийн чадваргүйд тооцох эрхзүйн орчинг сайжруулах нь төсөл”-ийн хүрээнд болж байгаа аж. Уг төслийн хүрээнд Дампуурлын тухай хуулийг шинэчлэх, энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүгч болон оролцогч талуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, банк, санхүүгийн байгууллагын зээл төлүүлэх, өр барагдуулах үйл ажиллагааг сайжруулах ажил хийх юм байна.

Д.Думаа

+ There are no comments

Add yours