Үндсэн хуулийн цэц “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргааныг хянан шийдвэрлэнэ

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлсэн.

Тэдний мэдээлэлд, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь  Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй. Тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэд Улсын Их Хурал, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.

Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг урьдчилан шалгаад Улсын Их Хурлын  23 дугаар тогтоол Үндсэн хуулийн

  • Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,
  • Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь … хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,
  • Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”,
  • Арван зургадугаар зүйлийн гурав дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;”,
  • Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

+ There are no comments

Add yours