Байнгын хороо үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат уг тогтоолын төслөлд “Үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгасан” гэдгийг танилцуулав.

 Харин Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иймээс юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа тул гишүүд анхаарч дэмжих нь чухал байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 30 гаруй сургуулийн асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьж байгаа.

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ асуудлыг Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж шийдвэрлүүлнэ. Харин улс орны эдийн засгийн байдал амаргүй ийм үед их, дээд сургуулийг хотоос гаргаж нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал төсөв үндсэн чиглэлд тусгагдаагүй. Эдийн засаг сэргэсэн үед энэ асуудлыг авч үзэж болох байх гэлээ.

 Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлийн Зорилт.16-ийн 1-д “төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Зорилт.4-т “Багануурын дулааны цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Зорилт.3-т “Монгол ноолуур, Жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Зорилт.1-д “Хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж 2018 оны нэгдүгээгр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах” гэж тус тус нэмэх санал гаргасан нь дэмжигдлээ.

 Ингээд тогтоолын төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

+ There are no comments

Add yours