Олон улсын бага хуралд оролцогчдыг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотноо болж буй “Прогрессив аллианс” байгууллагын олон улсын бага хурлын зарим төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

“Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдвээр болж буй энэ удаагийн Бага хуралд дэлхийн 30 гаруй орны 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

УИХ-ын дарга М.Энхболд  “Ази тивд анх удаа, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Прогрессив аллианс”-ын олон улсын бага хурал болж, амжилттай өндөрлөж буйг уулзалтуудын эхэнд тэмдэглэлээ. Түүнчлэн дэлхий дахинд энх тайван, шударга ёс, тэгш эрхийг цогцлоохын төлөө, нэг нь бус нийтээрээ хөгжин цэцэглэсэн нийгмийн төлөө, тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийг зорилгоо болгосон “Прогрессив аллианс”-ын үйл ажиллагааг бид анхнаас нь дэмжсэн бөгөөд цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно” гэв.

Харин тэрбээр ноён Торстен Шэфер-Гумбэлтэй уулзах үеэрээ хоёр орны хоорондын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, Монголын ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр намын амжилттай хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.

Ноён Торстен Шэфер-Гумбэл Герман, Монголын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээнд өрнөж буй бөгөөд бид Монгол орны хөгжил цэцэглэлт, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө байна гэв.

Д.Думаа

+ There are no comments

Add yours