Төсвийн алдагдлыг ОУВС-гийн зээлээр нөхөхөөр болжээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар Монголбанкны 2012-2016 онд явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн жилүүдэд Монголбанкинд орох гадаад валютын урсгал тасралтгүй буурчээ.  Гадаад валютын албан нөөц 2012 онд 4,1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1,3 тэрбум ам.доллар болсон байна.

Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4,8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3,7 их наяд төгрөгийг  орон сууцны зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна.  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэж ажлын хэсэг дүгнэжээ.  Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгын үед 13 аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон байна.

Монголбанк своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Одоогийн байдлаар Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байгаа аж.

Ажлын хэсгийн танилцуулгын дараагаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:”Ажлын хэсэг Монголбанкинд хийсэн тайлангаа бидэнтэй ярилцаагүй. Бид өнөөдөр байнгын хороон дээр орж ирээд, та бүхэнтэй хамт сонсож байна. Тиймээс албан ёсоор ажлын хэсгийн дүгнэлтийг авч байж хариулах боломжтой болно. Аль ч улсад төв банкны хараат бус байдлыг хүндэтгэдэг. Төв банкны бүрэн эрхийг хуулиар тогтоосон байдаг. Энэ бүгдийг Ажлын хэсэг, Эдийн засгийн байнгын хороо харгалзаж үзэхийг хүсэж байна” гэлээ.

 

 

 

+ There are no comments

Add yours