Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хурниад компанийн хаврын тариалалтын явцтай танилцлаа.
Тэрбээр, “Дэлхий нийтэд технологийн хөгжил өндөр хэмжээнд хүрсэн. Үүнийг дагаад шинэ технологи дээр ажиллах боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ л тулгамдсан асуудал болоод байна. Шатахуун, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт зэргээр Засгийн газар хэрэгцээтэй дэмжлэгүүдийг өгч байгаад талархаж байна” гэв.
Үүний дараа Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” компанийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани энэ онд 2997 га талбайд тариалалт хийж байгаа аж. Үүнээс 200 га-д тосны ургамал, үлдсэнд нь улаанбуудай тариалах юм. Тариалалтын ажил энэ сарын 22-нд дуусах аж. Компанийн удирдлагуудийн зүгээс Засгийн газраас өгч буй шатахууны 30 хувийн хөнгөлөлтийг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд ч шатахууны хөнгөлөлтийг жил бүр тогтмол өгөхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Одоогоор тариалалт 60 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 24 гэхэд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Тариалсан талбайгаас ургацаа бүрэн хурааж чадвал улсын нийт ургацын 35 хувийг бүрдүүлэх боломжтой гэдгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулав.
+ There are no comments
Add yours