Д.Эрдэнэбат: Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн цэцтэй адил байгууллага байх ёстой

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийсэн юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийн талаар “Төрийн албаны зөвлөлийг үгүйсгэсэн хууль болж байна. ЗГХЭГ-т эрх мэдлийг төвлөрүүлсэн нь улстөржсөн зүйл юм. Төрийн албанд орох нь бүх иргэн нээлттэй байх ёстой. Шинээр сургууль төгссөн мэргэжил боловсролтой боловсон хүчнийг төрийн албанд ороход нь саад учруулах заалтууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төсөл сайн, чамбай болсон байсан. Одоогийн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан байсан төрийн албан хаагчдыг цахим бүртгэлтэй болгох заалт байхгүй байна. Үндсэндээ ЗГХЭГ улс төрийн байгууллага болж хувирах нөхцөл бүрдүүлсэн төсөл болжээ. Төрийн албаны зөвлөл Үндсэн хуулийн цэцтэй адил байгууллага байх ёстой” гэлээ.

Мэдээллийн дараа тус бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Приус автомашины татварын хугацааг хойшлуулах санал танай бүлгээс гаргаж байсан. Харин өнөөдөр Х.Нямбаатар гишүүний санаачилсан төслөөр хэлэлцэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрийн бланк дээр приус машины татварыг чөлөөлье, хугацааг нь хойшлуулъя гэсэн санал гаргасан. Гэтэл хариу ирээгүй, харин ч эсэргээрээ сөрөг сурталчилгаа болгож байна. Цаашдаа приус автомашины татварыг хойшлуулах биш бүр татваргүй болгох асуудлыг тавина.

-Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа. Үүнд танай нам ямар байр суурьтай байна?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг манай нам санал нэгдэж байгаа. Нэгдүгээрт олон толгойт эрх мэдлийн хуваарилалтыг цэгцэлж, төр хариуцлага хүлээх эзэнтэй байх ёстой. Нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх нь зөв. Орон нутгийг улс төржүүлэхгүй байх боломжийг зайлшгүй нээж өгөх ёстой. Харин энэ бол цаг хугацааны шахалтаар хийдэг ажил биш. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь МАН хариуцлагаас бултаж байгаа хэлбэр.Энэ УИХ-д өөрчлөлт оруулах эрх бий байхад ард түмнээр хэлэлцүүлсэн гэж хожим хэлэх гэж ингэж байгаа юм.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours