А.Цогцэцэг: Сүү орлуулагч хэрэглэхийг хуулиар хориглоно

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тайлбар хийлээ.

Тэрбээр “Эхийн сүүг орлуулдаг бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй. Тиймээс бид нялх балчир хүүхдийн хоол хүнсийг дэмжиж ажиллах гэсэн юм. Өнөөдрийн байдлаар эхийн сүүгээр хооллодог хүүхдүүд 47 хувьтай байна. Эхийн сүүн дотор хүүхдэд шим тэжээл өгдөг маш олон бодис витаминууд байдаг. Тийм учраас бид хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүссэн. Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж байгаа хүүхдийн амь насыг аварч олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Эхийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй хүүхдүүд нэмэлт тэжээл хэрэглэнэ. 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ гэсэн мэдээлэл их явж байна. Энэ нь буруу ташаа мэдээлэл. Энэ хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон. Үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай” гэв.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours