Friday, March 29 2024

Хотын дарга газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ.

Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1972 ширхэгийг тарих аж. Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна. Эдгээр тарьсан модыг 3 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллаж буйг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгынхаа үеэр тодотгон ярьж байлаа.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор X хороолол, “МТ”-ийн ШТС-аас “Жаст ойл” ШТС хүртэлх туслах зам, замын байгууламжийн тохижилтын, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын тохижилт бүхий авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай барих тохижилтын ажлыг ирэх сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ тэрбээр танилцуулгын үеэр хэлсэн юм. Мөн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчлах хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд байгаагаа Т.Гантөмөр дарга танилцууллаа.

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хийлээ. Газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган хүний зам, автозам хаасан буюу орц гарц, автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгаа гарган мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа аж. Энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна. Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчлийг арилгуулах ажил хийгдэж байгаа гэдгийг П.Баярхүү орлогч танилцуулгадаа дурьдав.

Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх болон газар чөлөөлөх чиглэлээр хийгдэж буй ажлуудын танилцуулга хийгдсэний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ногоон байгууламжаа чигжих, том оврын мод суулгац тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хяналт сайн тавьж ажиллах, тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллах. Мөн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: