МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг өмөөрч хэвлэлийн бага хурал хийлээ

МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг өмөөрч хэвлэлийн бага хурал хийлээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбогдуулан тус намын гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар оролцсон юм.

МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Шаравдорж “Өчигдөр бидний хувьд их чухал өдөр байсан. МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүртгүүлэх хүлээлттэй байв. Гэвч СЕХ хууль зөрчих замаар Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргалаа. Тус байгууллагаас гаргасан тогтоолын гол агуулга нь гурван шалтгаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан явдал байлаа. Тогтоолд туссан заалтууд нь маш ерөнхий байгаа нь хардлага төрүүлж байна. Заалт нь маш тодорхой байх ёстой. СЕХ нэр дэвшигчдийг бүртгүүлэх ажиллагааг нээлттэй явуулна гэсэн атлаа хуралдаанаа хаалттай явууллаа. Бид хурлын явцыг нээлттэй байдлаар сонсохоор очсон ч СЕХ-ноос нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрөө хүртэл очсон. Бидний зүгээс хуралдаанд тайлбар хийхийг хуулийн хүрээнд хүссэн юм. Гэвч цагдаагийн хамгаалалт авч, биднийг нэвтрүүлэхийг хатуу хориглосон” хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар “Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. Миний хувьд гурван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна” гэж байр сууриа илэрхийллээ.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.