Спортын маргааныг шийдвэрлүүлэх боломж бүрдлээ

Өнөөдөр “Бэст вэстэрн премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр /МОУҮСА/ хэмээх Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын арбитрч гишүүдийн тангараг өргөх ёслол болов.
Олон улсын спортын арбитрын шүүх /Court of Arbitraition for Sport/ хэмээх байгууллага нь спорттой холбоотой хэрэг маргааныг хянаж, шийдвэрийг нь дэлхийн бусад улс оронд хүндэтгэн биелүүлдэг ёс жаяг олон улсад хэвшин тогтсон билээ.
Манай оронд спортын олон төрөлт зүй тогтлоор хөгжихийн зэрэгцээ спортын маргаан ч нэмэгдэх хандлага бий болсон. Ийм маргааныг шийдэх мэргэжлийн, төрөлжсөн байгууллага байхгүй, тамирчид хаана, хэрхэн шийдүүлэх арга замаа олохгүй байх тохиолдол ч гарч байгаа юм. Иймд маргааныг шударгаар шийдэх спортын төрөлжсөн, мэргэшсэн хөндлөнгийн арбитр байгуулах эрэлт шаардлага тулгарсан. Спорттой холбоотой аливаа маргааныг заавал төрөөс байгуулсан шүүхээр шийдвэрлэхийн оронд, талууд өөрсдөө маргааныг шийдэх байгууллага, бүрэлдэхүүнээ сонгож, асуудлыг мэргэжлийн түвшинд, спортын хүрээндээ шийдвэрлэх нь үр дүнтэй, спортын нэр хүндийн асуудал юм.

Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргааныг хараат бусаар, шударгаар шийдвэрлэх, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг эрх тэгш хамгаалах зорилгоор байнгын ажиллагаатай МОУҮСА нь 2017 оны хоёрдугаар сард байгуулж эрх бүхий байгууллагад бүртгүүлж үйл  ажиллагаагаа эхлүүлжээ.
Уг байгуулага нь Олон улсын спортын арбитрын зөвлөл, Спортын арбитрын шүүхтэй холбоо тогтоосон байна.УИХ-аас Арбитрын тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн баталсан. МОУҮСА-аас 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр баталсан Спортын арбитрын дүрэм, Арбитрын тухай шинэчлэн найруулсан хууль, Байнгын ажиллагаатай арбитрын хэрэг хянан шийдвэрлэх жишиг дүрэм зэргийг үндэслэн Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг боловсруулан, батламжилжээ.

Энэхүү дүрмээр хэрэг, маргааныг шийдвэрлэх нийт бүрэлдэхүүн 21 арбитрч гишүүдээс бүрдэх бөгөөд мэргэжлийн хуульчид, тухайн нэр заагдсан зарим спортын байгууллагын төлөөлөлөөс тус бүр нэг арбитрч гишүүн томилох зохицуулалтай болно. Өнөөдрийн байдлаар Спортын арбитарчаар МҮОХ, үндэсний сур, жүдо, чөлөөт бөх, гимнастик, волейбол, хөнгөн атлетик, бокс, хөлбөмбөг, байт харваа, дугуйн холбоодоос гишүүн арбитрч нараа томилоод байна. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг бөгөөд гадаад улсаас Япон, ОХУ, БНХАУ-аас тус бүр нэг гишүүн багтжээ.

 Г.Намуун

+ There are no comments

Add yours