БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзлаа

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзав. Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод зочилж хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хятадын Хууль зүйн сайд Жан Жүнтэй уулзах үеэрээ сүүлийн жилүүдэд Монгол Хятадын хууль зүйн салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэлээ. Мөн энэ үеэр хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцлаа. Тухайлбал ялтан шилжүүлэх асуудлаар талууд идэвхтэй харилцах ёстойг тэмдэглэлээ. Өнөөдрийн байдлаар МУ-ын 46 иргэн БНХАУ-д, Хятадын 11 иргэн МУ-д ял эдэлж байгаа юм. Талууд мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туршлага солилцох, тэр дундаа хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болох хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хамтран тэмцэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн хууль зүйн туслалцаа, шүүх шинжилгээний салбарт дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг Хятадын Хууль зүйн сайд нааштайгаар хүлээн авлаа.

+ There are no comments

Add yours