Данг Тхи Нгок Тхинь: Парламентын гишүүдийн 26.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Данг Тхи Нгок Тхинь: Парламентын гишүүдийн 26.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

УИХ-ын дарга М.Энхболд Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, айлчлал амжилттай болж, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Данг Тхи Нгок Тхинь “Манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей 70 гаруй жилийн түүхтэй. 494 гишүүнтэй. 2016 оны тавдугаар сард Үндэсний ассамблейн 14 дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа. Парламентын гишүүдийн 17.3 хувийг үндэсний цөөнх, 26.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны уламжлалт харилцаа бүхий л түвшинд, ялангуяа хууль тогтоох байгууллагууд, Тамгын газруудын хооронд амжилттай өргөжиж буйд баяртай байна. 2015 онд манай Үндэсний ассамблейн дэд даргын Монгол Улсад хийсэн айлчлал энэ харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.Хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаа боломж нөхцлийг бүрэн дүүрэн ашиглах талаар Тантай санал нэг байна. Миний айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын 20 гаруй томоохон бизнесмэн ирсэн. Тэд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар монгол нөхөдтэйгээ амжилттай яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд хоёр улс бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудад харилцан бие биенийг дэмжихийн чухлыг онцлов” гэв.
 Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.