95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцлоо

95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцлоо

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

Гэрээний төслийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа “БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан” гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд  хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэнэ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцжээ.

Сангийн сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гол асуудал нь зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсоны дагуу хийж байгаа. Монгол Улсын өрийн хязгаарт зээлийн төслийг багтаасан” гэсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хятадын талтай зээлийн төсөл, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж тохирсон. Тиймээс зээлийн гэрээ батлагдсаны дараа санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг судалж, жагсаалт гаргаж УИХ-аар батлуулна” хэмээв.

Г.Намуун

 

Leave a Reply

Your email address will not be published.