ТЭД ЯАГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙНА ВЭ ?

Зэвсэгт хүчин жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатарт тэтгэвэртээ гарах мэдэгдэлийг нь тус газрын хүний нөөцийн газраас өгсөн байна. Бригадын генерал Б.Ганбаатарын хувьд ирэх 7 дугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарахаар ЗХЖШ-ын даргатай ярьж тохирон ажиллаж байсан хэдий ч эрхэм дарга нь хэлсэн амаасаа буцан ийн шийдвэр гаргасанд гомдолтой байгаа гэнэ. Учир нь, Зэвсэгт хүчний байгууллагад үүсээд байгаа асуудалд хариуцлага хүлээх ёстой дарга, бригадын генералууд асуудлаас хуурай гарч, хариуцлага хүлээлгэсэн нэрийн дор ажлаа хийж байсан алба хаагчийг нас нь болсон гэдэг шалтгаанаар тэтгэвэрт гаргаж байгаад гомдож байгаа гэнэ.

Хариуцлага хэн хүлээх ёстой вэ? Мэдээж тухайн асуудлыг хашиж буй албан тушаалтнууд. Учир нь ямбыг нь эдэлж байгаа юм чинь ялыг нь үүрэх ёстой гэдэг монгол хэлц бий. Тийм ч учраас би чи хэмээн нэг нэгэн рүүгээ чихэх биш нийлж байгаад хариуцлагаа хүлээж, салбараа аварч, алба хаагчиддаа шударга ёс байдгийг харуулах нь зүй. Ингэсэн нөхцөлд ард түмэн, олон нийт ч та бүхнийг жинхэнэ утгаар нь хүлээн, хүндлэх нь ойлгомжтой.

Хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч эрүүл мэндээрээ хохироод байхад хариуцлага хүлээх ёстой ЗХЖШ-ын Энхийн сахиулах ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Гансэлэмд хариуцлага хүлээлгэсэнгүй. Мөн хугацаат цэргийн алба хаагч албаны хариуцлагагүй байдлын улмаас байлдааны гранат тэсэлж, эрүүл мэндээрээ хохирч хоёр нүд нь хараагүй болсон Эрдэнэтийн цэргийн ангийн захирагч ямар ч хариуцлага хүлээхгүй, өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа нь “хамгаалалт сайтай” генерал хурандаа нар алдаа гаргасан  цэвэр үлддэгийн бодит жишээ хэмээн олон нийт хардаж байна.

Ойрын эх сурвалжийн өгүүлснээр ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Гансэлэм нь Батлан хамгаалахын дэд сайд Баттөртэй ойрхон ажилладаг нэгэн гэнэ. Харин хоёр нүд нь хараагүй болж хохирч үлдээд байгаа хугацаат цэргийн албан хаагчийн анги буюу Эрдэнэтийн цэргийн ангийн захирагч Жигжидсүрэнгийн хувьд Батлан хамгаалахын сайд асан Ажнай Бат-Эрдэнийн хүн гэдгээ хэнээс ч нуухгүй ярьдаг гэнэ. Түүнийг Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч байхдаа ажнай Бат-Эрдэнийн итгэлийг олсон гэдэг бөгөөд эхнэр нь  ЗХЖШ-ын дарга асан Ц.Бямбажавтай хамаатан гэх яриа бий.

Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгийн хувьд үүссэн асуудалд хариуцлага хүлээх алба хашиж байгаа бас нэгэн эрхэм гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа байх. Учир нь бригадын генерал П. Доржсүрэнгийн үүрэг анги нэгтгэлүүдийг тойрч, хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлыг нь үзэж шалгаж, алдаа дутагдал байгаа бол цагийг нь олж засуулах учиртай, энгийн үгээр тайлбарлахад. Магадгүй тэрбээр энэ ажлаа ил сайн хийсэн бол туршлагатай хоёр алба хаагч амиа алдаж, найман алба хаагч эрүүл мэндээрээ хохирохгүй байсан.

 Энэ дашрамд өгүүлэхэд, эрхэм генералыг өөрийн хоббидоо хөтлөгдөн ажилладагийг олон эх сурвалж өгүүлж байсныг дурдах нь зүйтэй байх. Түүнийг “урлагийн бригад” цугуулж байна. Энд тэндээс цуглуулсан хүмүүсээрээ хамтлаг байгуулан, өөрөө бөмбөрчнөөр ажилладаг. Энэ утгаараа ангиудаар шалгалтаар явж байхдаа тоглолт зохион байгуулж, концерт тоглодог гэнэ. Хэрэв энэ үнэн бол Доржсүрэн даргыг чадахгүй зүйл дээр нь чадлыг нь баран ажиллуулах гэж зовоож байхаар нь чаддаг юмыг нь хийлгээд Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад нь бөмбөр цохиулаад суух нь илүү өлзийтэй санагдах.

Учир нь хоёр хүний амь нас эндсэн уг асуудлын эргэн тойронд хэрэг гарахын урд өдөр байлдааны гар гранатыг агуулахаас гаргасан асуудал яригдаж байгаа билээ. Хор хөнөөлийг нь тооцохгүй хийсэн энэ үйлдлээс болж, тэр өдөр шидэхгүй байсан гранатыг тэсэлж, алба хаагчид амь үрэгдсэн юм… Энэ бол уучилж болохгүй том алдаа.  Мэргэжлийн бус үйлдэл гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз…

Харин ийм хүмүүст хариуцлага тооцох биш хаа хамаагүй ажил үүргийн хуваарьтай ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчид хариуцлаа тооцон арга хэмжээ авсан учраас мэдээлэл сайтай олон нийт армид бугласан хорт хавдар гадагшилж чадахгүй илжирч байна хэмээлцэх болов. Арга ч үгүй биз, нутаг нугаараа нэгдэж, адаг сүүлд нь сонин, хэвлэлээр юм бичээд байгаа хүмүүсийг хэн болохыг тодруулахаар Тагнуулын байгууллагад хандсан хэмээн томорч байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын даргад хандаж “Алдаагаа засья биш, арьсаа, албан тушаалаа авч үлдэх вэ гэж зүтгэдэг араншин чинь сэтгүүлч бидний мэдээлэгч юм…” хэмээн хэлье. Салбарт нь бугшсан идээг шахаж байгаа сэтгүүлчийг шалгуулах биш сайдтайгаа ойлголцож армиа хамгаалах нь алба хаагчдын тань амь нас эрүүл мэндэд өлзийтэй баймаарсан…

Сэтгүүлч С.Баяр

 

 

2Comments

Add yours

+ Leave a Comment