Амь өрссөн 17 насны хавар

Амь өрссөн 17 насны хавар

Хаврын нар хартай, хажуу тийшээ харахад л сэрүү татаж байдаг гэдэг үнэн шүү. Бас өглөө нартай байх ч өдөр тийшээ цас хялмайлж, орой бороо орж, шөнө уруйн үер дажигнаад л бууж мэднэ. Хамгийн гайхалтай нь маргааш үер болсон шинж тэмдэг ганга, гуунд л үлдэхээс газар дэлхий юу ч болоогүй мэт, нар илүү хурц мандаж, хад чулуу илүү тод л гялалзаж байх нь бий…

            1995 оны хавар санагдана. Малчин айлын хаврын өглөөний ажил захгүй хөвөрч, сумаас ирж хоносон ах маань адуунд явахаар болсон сураг өглөөний нартай хамт шөнө төрсөн хурга амалж буй надад соргог сонсогдож билээ. “Өнөөдөр уналгын морьдоо солино, олон хоног унасан болохоор уул хадтай газар улдаж сульдаад морьд урагшаа гишгэхээ байлаа” гэсэн аавын шийдвэрээр ах Гурван цэнхэрийн ард байх адуунд явахаар болсон юм.

Тухайн үед манай адуу хоёр газарт байгаа учир хоёр тийшээ хоёр хүн явахаар болж, нуурын ард байх цөөн хэсэгт нэг эгч маань явахаар боллоо. Эгч ах нар ирсэн үед мань мэтэд хонинд явахаас өөр ажил олдох биш… Орой нар хүүшилж байхад хотоо бараадсан хонины түрүүчтэй адуунд явсан хоёр ирж таарсан учраас аягатай цайгаа тавиад гадаа гартал хоёр талаас ирсэн адууг хашиж хашаа руу дөхүүлж харагдлаа.

Аав гартаа бугуйл эвхсэн адуу руу алхаж харагдах. Харин адууны захад хаврын тарчиг цагийнх гэхэд онь зоотой халиун халтар байдсан гүү халбилзан хуухирч, холбоонд нь чирэгдэх зүс буруу үрээг хайрч өшиглөн хажиглах нь нүдэнд содон тусч билээ. Харин ах маань дөнгөж сая унаж ирсэн хурдан зээрд морийг гэрийн бүслүүрт торгоосон болоод хормойгоо шуун адууны зүг гүйх шахам алхаж, сувай хонинд явсан бага эгч мөн л адуу руу чиглэн ирж байсан санагдана. Аавыг гартаа ороосон бугуйлаа нөгөө гартаа дөнгөж шилжүүлтэл адууны захад хуйхарч цамнаж байсан холбоотой байдсан гүү зүүнээс баруун зүсэн хүзүүн дэх бугуйл нь эгээ л могой шиг мушгиран хотны тоос босгохтой зэрэгцэн хураасан адуу ч задарч, баруун өмнө зүг цахилдаг юм байна.

“араас нь хөө, алсуур эргүүлээд аваад ир” гэсэн аавын дуутай зэрэгцэн уяатай морь руу эгч бид хоёр зэрэг ухасхийсэн ч арай ойрхон байсан болохоор би түрүүлж, морины цулбуурыг шувт татан үсрээд эмээл дээр гарчихдаг юм байна. Яг энийг хүлээж байсан юм шиг хурдан зээрд морь маань ч ухасхийн арай л эмээлээсээ салчихалгүй бүүрэгнээс барин үлдсэнээр хэсэгтээ л унаж яваа мориндоо толгой мэдүүлэн давхисан санагдана. Нэг л мэдэхэд гэрийн бараа ч тасарч, хүүшилж байсан нар ч жаргачихаж. Хэдэн гүвээ даваа давсан юм бүү мэд, нар жаргасаны дараах нам гүмтэй зэрэгцэн хөөгдөж яваа холбоотой гүү, хөөж яваа миний морины ч тэнхээ барагдаж эхлэв. Хамгийн гол нь хаврын хахир цагт өдөржин идэж уух тааруухан адуунд явсан болохоор  хэдий хурдан морь ч гэсэн унаж явсан хурдан зээрд маань  сульдаж муудаад урагшаа гишгэхээ байв.

Адуу ухаантай амьтан болохоор муудсан морь маань ч хөөж яваа гүүнүүдийг эргүүлж барахгүй байгааг мэдсэн юм байлгүй  хөөгдөж байгаа холбоотой гүүнүүд анхных шигээ шилдэж давхихгүй, барааны газар чигээрээ урагшаа шогшсоор нар  бүтэн жаргаж байхад нэгэн хот айлруу яваад орчихдог юм байна. Унаж явсан морь маань ч урагшаа гишгэхээ байсан учир танихгүй ч гэсэн монгол хүн байна гайгүй, тусалчих болов уу хэмээн найдсаар гэрийнх нь гадна очиж явтал отрын бололтой бага дөрвөн ханатаас үсрээд л нэг хоёр ахаас хэтрэхгүй залуу хөвгүүн гарч ирж харчихаад гэртээ буцаад орчихдог юм байна.

Хэдий  нохой нь дайрах шинжгүй ч танихгүй айл болохоор орохыг яарсангүй, гэрийн нь гадна мориноосоо буучихаад зогсч байтал түрүүний хөвгүүний ах бололтой залуу гэрээс гарч ирсэнээ “гэрт орохгүй юм уу, хаанаас явж байгаа юм, наад морь чинь урагшаа гишгэхэд хэцүүхэн харагдаж байна” гэсээр дөхөж ирлээ.  Би “ах аа, энэ хаанах вэ. Би шар ламын аманд хаваржиж байгаа Х гэдэг айлын хүүхэд байна аа, холбоотой гүүнд бугуйл шидэж алдчихаад хөөсөөр байгаад танай гадаа хүрээд ирлээ, та тэр хоёрыг бариад өгөөч бас шар ламын ам руу яаж явахыг заагаад өгвөл би гэртээ оччихно оо” гэвэл нэг том харсанаа дүүгээ гараад ир гэж дуудав.

Дөнгөж хониноос ирээд амарч байсан морьдоо дахин эмээллэж, ухасхийн давхиад хориод минутын дараа тал газар ямар ч түүртэх юмгүй, холбоотой морьдыг барьж авахаар барахгүй манай боос гүүг чирч явсан бугуйлаар нь ногтлон хөтөлж ирсэн залууд “баярлалаа” гэхээс өөр юмгүй алмайрч зогссон надад “ахын дүү удахгүй шөнө болно, чи яг гэрээ олох уу, уг нь чамайг хүргээд өгмөөр л байна. Даанч маргааш бид хоёр хоёулаа хонинд явах ёстой. Ядаж байхад манайх хоёрхон морьтой болохоор унаж яваа морийг чинь ч юүлээд өгөх юм алга” хэмээсэн сайхан сэтгэлтэй хөрш сумын залууд “манайхан араас ирж байгаа байх аа, ахаа яг хаашаа явах чигийг маань л заагаад өгчих, анх удаа гэрээсээ хол явж байгаа болохоор, бас түрүүн хөөж яваа морьдоо л гүйцэх гэснээс хаана, хаашаа яваагаа анзаарсангүй” хэмээсэн намайг өрөвдсөн үү яасан, гурван хамар давуулан явах чигийг маань зааж өгөөд гэр рүүгээ эргэж билээ.

Сайхан сэтгэлтэй ах дүү хоёроос салан гэрийн зүг эмнэг гүү бугуйлаар нь хөтөлж, эцсэн морио хааяа нэг цулбуураар нь ташуурдсан болон гэлдэрч байтал таг харанхуй болж, одод тэнгэрээр битүү түглээ. Гэнэт даарч эхлэхээр нь анзаарч байгаа юм, дөнгөж хониноос ирээд хувцасаа тайлаад байж байсан болохоор адуу ирэхэд нимгэн цамц, дан өмдтэй гарч гүйсэн болохоор тэр чигээрээ явж байгаагаа. Түрүүхэн яарч сандарч байсан учраас даарахаа мэдрээгүй байж, одоо гэр рүүгээ орох замаа л алдахгүй сонгочихвол бусад нь яах вэ хэмээн тайвширсан явж байгаа болохоор өөрийн эрхгүй даарч байгаагаа мэдэрч эхлэх нь тэр. Бас тас харанхуй шөнө унаж яваа морины чихийг гөлрөн яваа надад хааяа нэг давхин ирж дөрөө рүү үсрэн, бусад цагт зам заах мэт өмнө шогших нохойноос өөр ханьгүй, нэг л эвгүй…

 Их удаан явсан санагдана. Энэ зуур хэдэн гүвээ, толгод давж хэдэн хошуу тойрсон юм бүү мэд. Сайхан сэтгэлтэй үл таних залуугийн зааж өгсөнөөр замд таарах хошуу, уулын амыг тоолж явсаар за одоо л энэ мөн байх гэсэн уулын ам руу эргэхийн зуур дагаж шогшсон нохой маань чимээгүйхэн гаслан тэрхүү ам руу орохгүй эргэж давхиад байв. Харин миний тооцсоноор энэ ам руу л орвол гэртээ очих замдаа очно гэж бодоод байдаг, гэтэл сайн дураараа зам заан давхих ухаант нохой маань орохгүй гэж байгаа бололтой гаслаад байгаа болохоор өөрийн эрхгүй гайхаж хэсэг зуур саатсан намайг шийдвэр гаргахгүй удахаар залхсан юм байлгүй унаж явсан морь маань шууд өөрөө шийдвэр гарган нөгөө амыг өнгөрөөд хойшоо гэлдэрч эхэлдэг юм байна.

Хэсэг алхаад морьд таг зогсчихов. Ташуурдаж, бууж чангааж, дугтарч, адаг сүүлд нь яваад өгөөч гэж уйлж гуйгаад ч морь маань хөдөлсөнгүй. Сүүлдээ сөхөрч суугаад орилж уйлж байтал нүдний үзүүрт юм сүүдэлзэхээр нь харсан чинь харанхуй шөнө анзаараагүй болохоор хэнийг нь үл мэдэх талийгаачийн шарил дээр сандайлан суучихсан уйлж байдаг байгаа. Даанч нэг дулаахан газар, даарахаа байчихсан юм. Гэтэл хунх руу ороод зогсохгүй морио тэрхүү нэр нь үл мэдэгдэх талийгаачийн дээгүү гаргах гээд зүтгээд, ухаант морь маань үхсэн ч гэсэн хүний дээгүүр гарахгүй цахдаад байсан байдаг юм. Учрыг ойлгосон болохоор ухасхийн босоод тойруулан хөтөлсөн намайг морьд маань дагаж гэлдрэх зуур нүдний үзүүрт сөрвийх улаан харганаас хуга татан бүсэндээ хавчуулаад арай тайвшрах хүний сэтгэл… тэрхэн зуур хүн танихгүй эсвэл хүн хөдөөлүүлдэг газраар явах бол бүсэндээ улаан харгана хавчуулахаар сүг сүүдэр халддаггүй юм гэсэн хууч яриаг санасан хэрэг. Амьд хүн гэж хэзээ ч аминдаа хайртай байдгийг ийнхүү биеэрээ туулсан 17-хон нас минь…

Ингээд нэлээд явав. Сүүлдээ хаана яваагаа ч мэдэхээ байж, хойд зүгээ л алдахгүй гэлдэрч байхад гэрийнхэн маань удахгүй ирнэ хэмээн итгэж алхсаар нэлээд удав. Эцэс сүүлдээ хүлээхээ байж, өөрийн эрхгүй уйлж, “ээжээ” хэмээн баахан хашгирав. Уйлсаар орилсоор хоолой сойж, эхлээд намайг хашгирахаар чихээ хөдөлгөж соотолзож байсан морьд ч тоохоо байлаа. Харин нохой маань л өмнө, хойно орон гүйж, хэрэв намайг зогсвол давхиж ирэн хормой хотноос зуурч, явахгүй удаан зогсвол шороо самардан над руу цацан гийнах учир ээжийгээ дуудан уйлан дуулан хөдлөхөөс өөр аргагүй…

Цаг хэд болж байгааг бүү мэд. Гэнэт хачин дулаахан болж, зөөлөн цас бударч эхэлдэг юм байна. Уг нь дулаахан байгаа хэдий ч дан цамцнаас өөр юмгүй намайг зөөлөн будрах цас дааруулж эхэллээ. Даарч эхэлсэн болохоор дагжиж чичрээд морь унах хэцүү байсан учир бууж, хөтлөхөөс өөр замгүй болов. Нулимсандаа хутгалдаж, даарсандаа дагжтал чичрэх, нохойноосоо өөр найдах юмгүй гэлдрэх хэдий ч ажил удаж арай хийж барьсан гүүгээ алдчихыг бас бодсонгүй учир бугуйлынхаа үзүүрийг унаж яваа мориныхоо эмээлд хоёр эргүүлэн сайн гэгч нь бөхөлж аваад алхаж гарлаа.

Нэлээд алхсан санагдана.  Дагжтал чичирч явсан хүн гэнэт даарахаа байчихдаг юм билээ. Харин ч халууцах тийшээ хандаж, нимгэн цамцаа тайлаад хаячихмаар санагдан алхаж байтал танилын танил, дэндүү танил ам руу ороод ирдэг юм байна. Хэдхээн алхсан санагдана, хажууд маань салахгүй дагаж байсан нохой хар хурхийгээд алга болчихов. Нохой хар хурхийн алга болоход өөрийн эрхгүй айдаст автан ижийгээ дуудан хөшсөн намайг хөтөлж явсан морины хошуу араас түлхэж, өөрийн эрхгүй урагш тонгорон унах үед нүдний үзүүрт тэнгэрт цоргисон их улаан гал бадарч, тас харанхуй байсан ам тэр чигээрээ гэрэлтэж харагдаад л, хүмүүсийн хашгирах дуутай зэрэгцэн “миний охион, ижий нь энд байна аа” гэсэн ээжийн маань дуу сонсогдоход хүн, морьгүй өөрийн эрхгүй урагшаа гүйдэг юм байна.

Хөл газар хүрсэн үү үгүй юу бүү мэд. Өөрийн эрхгүй л урагшаа гүйж, “ээжээ” хэмээн бахардан орилж яваад томоо бутанд тээглэн унахад нэгэн хүн гүйж ирэн тэвэрч авсан маань ижий маань байж билээ. Томоо болсон 17 настай охиноо жаахан охин шиг хурайлан үнсэх ижий маань нүүр дүүрэн нулимстай атлаа “охиноо амьд оллоо” хэмээн инээж байсан нь өчигдөр мэт санаанд тодхон. Ээж өмсч явсан дээлээ тайлан нөмөргөөд, “хүмүүс ээ, наашаа яваарай, охиноо олчихлоо” хэмээн хашгирахтай зэрэгцэн машин, мотоцикл, морь, тэмээтэй хүмүүс тэнгэр рүү цоройн улалзах галын гэрэлд над руу ирж байхыг хараад л нээх сонин нойр хүрээд унтаад өгчихэж билээ…

Өглөө сэрээд гэрээс гартал нүдэнд юу ч харагдахгүй цав цагаан. Хот, хажууханд харагддаг худаг, худаг тойрсон том том хэсүүл дэрс ч харагдахгүй, цав цагаан орчин угтдаг юм байна. Шөнөжин цас орж, хотонд байгаа мал битүү дарагдаж, хөлгүй цасан шуурганд төөрсөн зээрийн сүрэг гэрийн гадна хонож, галын үнэрээр үргэж, ухасхийвч холдож чадахгүй хунгарт шигдэн бүлтгэнэсэн тэр нэгэн жилийн хаврыг мартаж яахин болох билээ. Бүр хожуу ижий маань “ус уух хувьтай охин шүү, чамайг гэрээ олж ирэхэд эрлийн хүмүүсийн итгэл алдраад, ядаж байхад цас улам их орж, шуурч байсан болохоор дан цамцтай явсан болохоор осгосон байгаа, одоо хаа нэг ганганд байгаа, олдохгүй болчихлоо гээд тарах гэж байсан юм шүү дээ. Бүх хүмүүс эрлээ зогсоох гээд цугларахаар нь ижийн бачимдаад яая гэж байтал гэнэт нүдэнд охин маань уйлсан гүйж байгаа юм шиг харагдаад өөрийн эрхгүй хөндий өгсөөд гүйсэн. Харин аав, эгч хоёр нь охиноо, дүүгээ хөндий уруудаж ирэхдээ гал хараад айчихна гээд энэ хавийн өндөрхөн дов болгон дээр бензин асгаад шатаагаад байсан. Гэтэл хамгийн сүүлийн том довыг шатаахад миний  охин ирж таарсан. Яг л ээжийнхээ нүдэнд харагдсан шигээ гүйгээд гараад ирсэн.  Бурхан ижийг нь өршөөж, охиныг минь амьд эргүүлж өгсөн юм шүү дээ” хэмээн уртаар санаа алдаад үнсч байсансан… Ижийн зөнгөөр эргэж ирсэн охин юм шүү би. Энэ амьдралд ижийгээ түшиж амьдарч яваа бас нэгэн ижий билээ л…

 

Leave a Reply

Your email address will not be published.