Бүртгэлгүй хурандаа нар…

Бүртгэлгүй хурандаа нар…

           Сүүлийн үед цэргийн цол даргын албан тушаал дагаж өгсдөг болсон нь бараг жишиг болсоны илрэл бүртгэлгүй хурандаа нар ихэссэн гэдэг. Нам дагаж албан тушаал бараадагсад, дөрвөн жилийн хугацаатайгаар ээлжит албан тушаалд томилогдож, харин түүнийг дагасан орон нутгийн цэргийн байгууллагын даргын “тал засалт” тамгын дарга нарт ахмад, хошууч, дүүргийн дарга нарт дэд хурандаа, УИХ-ын гишүүдэд хурандаа цолыг олгодог болсон нь гэнэ.

Салбарынхан нь чардайж хүрдэг уг цол намын буянаар бялуу хүртэгсэдийн хувьд тал засалтын арга хэмжээнд дагаад ирдэг болохоор авч байгаа, өгч байгаадаа тийм ч  хүндтэй биш арга хэмжээний нэг болоод удаж. Энэ л жишгээр өнгөрсөн пүрэв гарагт Зэвсэгт хүчин жанжин штабын дарга ээлжит нэгэн “жүжиг дэглэсэн” нь УИХ-ын гишүүн Д.Ганболд  өнгөрсөн пүрэв гарагт хурандаа цол олгожээ.

Эрхэм гишүүнд хурандаа цолыг Зэвсэгт хүчин жанжин штабын дарга Д.Даваа өөрийн гараар зүүж өгч, хүндэтгэлийн цайллага хийсэн гэнэ. Харин цэргийн хурандаа цолыг авах хүртлээ ямар гавьяа байгуулсан нь тодорхойгүй шинэхэн эрхэм гишүүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байснаар нь дүүргийнхэн нь мэдэх байх. Одоогоор ард түмэнд танигдаж амжаагүй эрхэм гишүүний хувьд тойргийнхондоо хэр “хаялагатай”-г ёстой бурхан л мэдэх байх. Учир нь тэр улс төрд сүүлд орж ирсэн МАН-ын битүү морьдын нэг. Тиймээс армид гавьяа байгуулж, хурандаа цол авталаа ажиллаж гийгүүлсэн нь юу л бол гэх хүмүүс байгааг дуулгах юун.

Дашрамд дурдахад, манай улсад цэргийн хурандаа цолтой иргэдийн тоо нууцын зэрэглэлд багтдаг юм байна. Харин 2009 оноос хашиж буй албан тушаалыг нь дагуулан хурандаа цол олгодог жишгийг Зэвсэгт хүчин жанжин штабын дарга асан Ц.Тогоогоос уламжлагдан өнөөдрийг хүрсэн тухай ойрын эх сурвалж ам алдсан.  Тэрбээр мөн ийн цол олгогдож байгаа нөхдүүдэд хурандаа цол олгосон албан ёсны тушаал гардаггүйг мөн хэлсэн.

Тухайлбал, 1991 онд халагдахдаа дэслэгч цолтой байсан У.Хүрэлсүх байна. Шадар сайд  У.Хүрэлсүхэд 2009 оны хурандаа цол олгосон  байдаг. тиймээс  2009 онд хурандаа цол олгосон тушаалын хуулбарыг олохоор нэлээд хэдэн хоног архив ухсан ч амжилтад хүрсэнгүйгээс үзэхэд албан тушаал дагуулж олгодог хурандаа цолонд албан ёсны тушаалыг ЗХЖШ-ын үе үеийн дарга нар  гаргадаггүй гэдэг нь үнэн болж таарав.

Тэр бүү хэл, энэ маягаар хурандаа цолтой цөөнгүй  эрхэмүүд байдаг юм байна. Тухайлбал, МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, АН-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Д.Арвин, МАН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сай асан Д.Одбаяр, Нийслэлийн Засаг дарга асан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г. Мөнхбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан, Эрүүл мэндийн яамны төрийн Д.Очирбат, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Уул уурхайн дэд сайд Д.Загджав гэх мэтээр Монгол Улсын хурандаа цолонд албан ёсны бүртгэлгүй ч архивт ороогүй цаасан дээр уншигдсан тушаалаар хурандаа цолыг хүртэгсэдийн цуваа урт ажээ. Тэгэхээр энэ салбарт бага залуугаасаа насан буурал болтлоо зүтгэж байгаа олон аавын хүүхдүүд албан тушаалтнуудад бэлэг дурсгал болтлоо үнэгүйдсэн хурандаа цолны төлөө зүтгэх хэрэг байна уу. Арай л дэндүү биш гэж үү…

Сэтгүүлч С.Баяр

2 thoughts on“Бүртгэлгүй хурандаа нар…

Leave a Reply

Your email address will not be published.