Яг одоо Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” тохиож байгаатай холбогдуулан тайван жагсаал зохион байгуулж байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар жагсаалын талаар “Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байхаар тусгасан. Гэвч 2017 оны төсвийн тодотголоор долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх болсон. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Үүнийг эсэргүүцэж МҮЭХ-ноос Засгийн газарт зургаан удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байна” хэмээлээ.
Тайван жагсаал нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд 12 цагт эхэлсэн юм. Жагсаалын гол зорилго нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг Засгийн газраас шаардах бөгөөд уг хэлэлцээрээр бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ татвар бий болгоход түншлэгч талуудтай зөвшилцөх, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлэх юм.
+ There are no comments
Add yours