Хулгайлагдсан ангаахай, бөөстсөн ааруул…

Оройн саамтай зэрэгцэн ойрхон газар ишиг, хурганд явуулсан зээ дүү маань таг чиг алга болоод нэлээд удав. Үдшийн саалийн ид цаг байсан болохоор түүнийг нэг хэсэгтээ алга болсоныг хүмүүс анзаарсангүй. Харин холбоо хөвөөд нэлээд удсаны дараа урд хошуу ороон хариулж байсан ишиг,хурганууд нь гүйлдэж ирэн ээжийгээ хөхөөд байхад ч сураг чимээгүй байгааг анзаарсан ч нэг их тоосонгүй. Оройн саальны дараагийн ажил харанхуй болтол сүү хөөрүүлэх байдаг болохоор их ажилд үүлгэрдсэн хүмүүс түүнийг сүйд болж хайсангүй байсаар ижийн “сүүдэр бараадаж хэвтэж байгаад хээр хөдөө унтаад могой, хорхойнд хатгуулчих вий, хүүхэд хаачив” хэмээн үглэх дуугаар сэхээ аван түүнийг эрэхээр гэрээс гарлаа.

Манай нутагт нар жаргаад цаг гаруй хугацаа өнгөрсөн ч газрын хөрс халуун, агаар бүгчим хэвээрээ байдаг нь зуны дунд сарын араншин. Зулай нэвт шарсан халуун нар байхгүй ч шумуулын шунгинаан, хөх түрийнд хатгуулж оодгонон давхилдан үнээ тугалны хөл буугаагүй пөнхийсэн бөгчим агаартай зуны орой дүүгээ хайхаас илүү “салхи салхилаасай” хэмээн мөрөөдөж алхсаар урд хошуу ороон гарч иртэл манай “сайн эр” тээр дороос алхан ирж байгаа нь харагдах нь тэр. Түүнийг хүлээж нэлээд суусан ч хөдөлж ядаад байхаар нь “харанхуй болохоос өмнө амжаад ирчихнэ биз” хэмээн бодож буцаж ирээд үлдсэн сүүгээ хөөрүүлээд дуусч байтал цагаан гэгээ ч тасарч байна.

Гэрээс холгүй ганганд зээ дүү маань бөгтийчихсэн нэг зүйлд нэлээд анхаарлаа тавьсан бололтой байхаар нь хурдан ирж, унтахыг сануулж нэг сайн хашгирч өгөөд зайдуухан бэлчээрээс наашлах саалийн сүргээ хотлохоор саахалтын охинтой явлаа…

Шар ламын ам гэх уг газар манайхаас гадна, таван айл зуссан юм, тэр жил. Үеийн охидтой, бас хамаатан садан болохоор хамгийн урд буудалласан саахалтын айлдаа очих би дуртай. Бусад нь дан хөвгүүдтэй айл учир уулзаж сүйд болохоос илүү харин ч дөлж, холуур тойрсхийн зуны сарыг авч билээ, тэр зун… Арга ч үгүй биз, 17-хон настай өсвөр насныхан үеийнхэнээсээ өөрийн эрхгүй зугтаж, бишүүрхдэг нь нүүрэмгий биш хөдөөний хүүхдүүдийн зан хойно.

Тэр жил манай мал жилбэтэй төллөж, зөвхөн саалийн бог гэхэд хонь, ямаа нийлсэн 300 гаруй толгой мал байсан болохоор сувай малаа тусдаа хотолдог байлаа. Саалийн малаа хотолж, сувай малаа хотлуулсаар сар гудайсан  хойно гэртээ ирэхэд жалганд бөртөлзөөд байсан зээ дүү маань миний орыг засч орхиод нам унтсан харагдана. Гадаа бүтэн сарны гэрэлтэй учир гэрт эгээ л өдөр шиг байгаа тул санаа амар орж ирэн унтахаар дэрэн дээрээ толгой тавих агшинд дэргэд маань унтсан зээ дүү биеэ хүжигнэтэл маажаад нойр сэргээчихдэг юм байна.

Өдөр усанд оруулсан байтал шөнө толгой түрийгүй, бүр аймшигтайгаар шир шир хийтэл дуугаргаж биеэ маажих дүүгээ гайхаж харан хэвтэж байсан би нэг л мэдэхэд нойрондоо дийлдэн нам унтжээ. Зуны шөнө амархан дуусдаг хойно, нэг л мэдэхэд тогоо шанага дуугарч өглөө болсныг илтгэх чимээнээр сэрсэн миний нүдэнд улаан эрээн биетэй зээ дүүгийн маань төрх аймшигтай харагдаж, ухасхийн босч, хөнжлийг нь сөхөж ахиулан хартал биеийнхээ арьсыг цус шүүртэл маажсан дүү маань мөд сэрэх шинжгүй нам унтаж байх нь тэр.

Биеэ улаан эрээн болтол цус шүүртэл маажиж хоносон дүүгээ харан айж сандран орилсон миний дуугаар ижий бидний унтсан илүү гэрт орж ирэн түүний биеийг харсанаа “бос чи, хаанахын амьтны зулзагыг тамалж, хараалыг нь хүрээд байгаа хог вэ, охин хүүхэд байж” хэмээн ихэд уурлахаар нь ёстой л мэл гайхан зогсох надад “юунд мэлрээв, наад тэнэг ээ хурдан босгож, бүх биеийг нь шалга, шувууны бөөсөнд бариулчихсан байна шүү дээ” хэмээж билээ.

Дүүгийн маань биед эрүүл газар үлдээсэнгүй, хазсан байлаа, тэр муу шувууны бөөснүүд. Нүдэнд харагдахгүй атлаа, дахин шинэ газрыг хазаж гөвдрүүтүүлэх айхтвар бөөснүүдийг эрж олон хэрэгтэй дуртай дүүгээ цэвэрлэх ажлыг ээж надад даалгаад “наад сахилгагүй хог чинь баахан ангаахайгаар л тоглосон байх. Учрыг нь олоорой, аягүй бол эрэг ганганд нуучихсан тэжээнэ гэж мангартаж байгаа байх шүү” хэмээн сануулахаа мартсангүй, ижий.

 Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ижий маань охиныхоо сахилгагүй охиныг хэрхэн зүггүйтэхийг хараагүй ч харсан мэт мэдэрч хэлсэн нь тэр. Учир нь зээ дүү маань ишиг хурга хариулж байгаад ганганы ирмэгт ургасан алтан харганы ёзоорт үүрээ засан өндөгөө дарж байгаа шувуу олжээ. Шувууны өндөгийг хагарч ангаахай болохоор нь авч тэжээнэ гэсэн бодолдоо хөтлөгдөн өдөр болгон эргэсээр хагарсан өдрийн орой нь хурга ишигний ээлжээрээ далимдуулан очиж таван ангаахайг үүрнээс нь хулгайлсан байв.

Гэтэл дөнгөж төрсөн ангаахай үсгүй, зүсгүй дээр нь биеэрээ битүү бөөстэй байдгийг мэдэхгүй зээ дүү маань ангаахайнууддаа ээжийн нь өвөр шиг санагдуулах гээд энгэртээ хийгээд гэртээ ирсэн байв. Ингэж өвөртөлж явсан болохоор ангаахайн бөөс түүний биеэр тарчихаад шөнөжин хазаж загатнуулж, харин дүү маань цусыг нь шүүртэл хаа сайгүй маажсан байж билээ. Ингээд дүүгийнхээ бүх хувцасыг тайлан шатааж, өөрийг нь угааж цэвэрлэсээр бага үд болж байтал гадаах бараан дээрээс юм авахаар гарсан эгчийн дуу алдах сонсогдов. Эгчийн дуу алдах чимээнээр зээ дүүгийн царай хувирах нь тэр.

Гэтэл гэрийн гадна хураасан дэлгэц дээр хатаасан ааруул хар цоохор болчихсон байж билээ. Бор саарал, хөх саарал өнгийн бясаа шиг жижигхэн бөөснүүд цав цагаан аарууланд битүү шигж наалдаад өнгө нь хувирчихсан байхыг харсан ижий өөрийн эрхгүй уурласан бололтой, зээ дүүг цохиж авч байгаа харагдлаа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон зээ минь барааны  бүтээлгийн доор нуусан таван ширхэг бүрзийсэн бор ангаахай гаргаж ирсэнээр бөөсний эзэд тодрох нь тэр… Зээ дүү маань ангаахайнууд тэжээнэ гэж бодсоноос үүрийг нь хаана засахаа мартсан байж. Тиймээс бүгдийг нь унтахыг хүлээж байгаад барааны дунд нууж үүр засаад боорцогны үйрмэгээр хооллоно хэмээн тооцоолж хэсэг боорцог хазаж, жижиглэн зассан үүрэндээ цацаж өгөөд унтсан дүүгийн ангаахай тэжээх ажил ийнхүү дуусч билээ. Үүрнээсээ хулгайлагдаж, ижийдээ гологдсон таван ангаахай урт насалж чадаагүй ээ, хөөрхий.

Шувууны үүр хөндөж, амьтны үр хулгайллаа хэмээн өвөөгөөсөө зэмлэл хүртэж долоон хоногийн турш ээлжгүй хурга ишиг хариулахаар шийтгүүлсэнсэн. Бараа бөөстүүлсэн ангаахайнуудаа гэрийн урд байх ганганд байрлуулсан орой орсон бороо үерлэж хөөрхий ангаахайнууд өлсч амжилгүй хорвоогоос буцсан байж билээ. Таван насныхаа төрсөн өдрөөрөө таван ангаахай тэжээж шувуунуудтай болно гэсэн мөрөөдөлтэй зээ дүү минь харин өнөөдөр 30 нас хүрч байна. Амьдрал үргэлжилдэг нь сайхан…

 

 

+ There are no comments

Add yours