Бээрэндээ баригдсан Вант улс…

Ангийн захирагчаар туг тахиж, албанаас нь буулгаад л асуудлыг шийдчихсэн гэж үзэж байгаа бол андуурал юм. Учир нь вант улс болтлоо дархлаа сууж, аймаг, сумдаараа нэгдэж, жалга довны үзлээсээ салж чадахаа байсан хэдэн дарга нарын хөлд жирийн албан хаагчид нь чирэгдэж, иргэдийн дунд цэргийн албанд хүүхдээ явуулах эсэхэд эргэлзэж эхлэв.

Тун удахгүй хугацаат цэргийн албан хаагчдыг татах ажиллагаа орон даяар явагдана. Нэгэн хэсэг олон ангит киноны үйл явдалд итгэсэн жирийн иргэдийн итгэл энхийг сахиулах олон улсын ажиллагаанд амжилттай оролцож байгаа монгол цэргийн авьяас чадвар Монгол Улсын Зэвсэгт хүчин гэх том айлын нэр хүндийг өргөсөн. Энэ ч утгаараа хугацаат цэргийн албанд гуйж биш гуядаж, ирсэн бүхнийг нь биш эрүүл мэндийн үзлэгээр нь тэнцсэнийг нь авдаг болж, шилж сонгодог болсон. Хилийн цэргээс илүү армийн цэрэгт явахыг хүсэгчид нэмэгдэж, цэргийн албанд хүүхдээ явуулахдаа эцэг эхчүүд ч дуртай байсан.

Гэтэл өнөөдөр яав. Даравч, дардайж, булавч бултайж байна, зэвсэгт хүчний булхай нь. Ар өврийн хаалга, жалга довны үзэл нь хэрээс хэтэрч сүүлдээ Батлан хамгаалах яам нь Зэвсэгт хүчний жанжин штабтайгаа ойлголцож ажиллахгүй байгаагаа нуухаа болив. Энэ байдлыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ч олноос нуугаагүй гэж болно. 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайдад хүсч, огцруулах үндэслэл бүхий албан  бичиг хүргүүлж байв. Харин энэ асуудалд эрхэм сайд Б.Бат-Эрдэнэ тоомжиргүй хандахаар барахгүй, салбарт нь гараад байгаа асуудлыг хэвлэлээс харж мэдлээ гэсэн байдлаар хандаж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа олноос нуугаагүй.

Түүний хувьд хариуцаж байгаа салбараас илүү хаа нэг нүх сүвийг нь олж өөрийн хүнээ шургуулах ажилд идэвхтэй хандахаас хэчнээн цэргийн амьдрал хүнд байдалд орж, хэчнээн алба хаагчийн эрүүл мэнд хохироод  байгааг даанч нэг тоохгүй байдлаар үүссэн асуудалд хандаж байгаа нь хачирхалтай. Он гарсаар дөрөвхөн сарын дотор хоёр цэргийн амь нас эндэж, 10 алба хаагчийн эрүүл мэнд хохирсон. Хугацаат цэргийн нэг алба хаагчийн хоёр нүд бүрэн сохорч, бас нэг цэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэгээр нэмэгдүүлж, хоёр хөл нь ганцхан хуруутай болов. 20 гаруйхан настай залуу  цэргийн амьдралыг “Тусгай салаа” олон ангит киногоор төсөөлж, хугацаат цэргийн албанд ирээд хөлиин 10 хуруунаасаа салж, хөгжлийн бэрхшээлтэй болно гэдэг дэндүү аймшигтай.

Дуулиантай айлчлалын “буян” даргадааа тал засдаг нүглийн нүдийг гурилаар хуурагч араншингийн золиос болж, хөөрхий цэрэг хорвоог харах нүднээсээ үүрд сална гэдэг аймшиг. Гэтэл ийм том асуудал гарсан байхад хариуцлага хүлээх ёстой салбарын сайд нь “надад мэдэгдэхгүй таг дарсан байна лээ” гэсэн байдлаар асуудалд хандаж, хариуцлага үүрэх ёстой Зэвсэгт хүчин жанжин штабын дарга нар нь албан тушаалаа алдахгүй гэж ар өврөөр гүйлдэж байгааг юу гэх вэ.

Монголчууд дээдэх нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг. Тиймээс суудлаа олохгүй байгаа салбарын сайд, генерал цолыг зүүсэн ч хариуцлага хүлээж мэддэггүй Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарт  холбогдох хариуцлага, хүлээх үүргийг нь үүрүүлэх нь Ерөнхий сайдын үүрэг болоод байна. Мэдээж энэ асуудалд монголын армийн төлөө сэтгэлээ чилээж байдаг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч гэсэн хариуцлагатай хандах цаг болж. Тэгэхгүй бол дараагийн удаа ямар ангид грана дэлбэрч, аль ангийн харуулын ахлагч нь цэргийн хөлийг хөлдөөхийг хэн мэдэх билээ. Гай газар доороос гэдэг шүү дээ. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй явж, ажил үүргээ амжилтай гүйцэтгэсэн олон алба хаагчдын хэн нь хаана, хэн гэгч даргын өмнөөс золиос болон амь нас, эрүүл мэндээ алдахыг хэн ч мэдэхгүй нөхцөлд Монголын Армид үүсээд байна. Үүнд гарц гаргалгаа олж, цэрэг  эрсийн амь нас эрүүл мэндийг өөрсдийн зөөлөн суудал, өндөр албан тушаалаас илүүд боддог сайд, генералуудад арга хэмжээ авахыг шаардаж байна. Монголын арми, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб харилцан ойлголцож, хамтарч ажилладаг байгууллага болохоос хоёр тал болон албан тушаал, арьсаа хамгаалдаг вант улс биш билээ.

Сэтгүүлч С.Баяр

2Comments

Add yours

+ Leave a Comment