Бид сонсголгүй л болохоос мал биш 

Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд, “Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх, “Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна. Ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурал зохион байгуулахгүй бол болохгүй байна.

50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон. Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөөд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Г.Батбаяр болон багш нарыг юу гэж ойлгохгүй байна.  Тэр багш нарыг өмөөрөөд байгаа өмгөөлөгч Г.Батбаяр өмнө нь хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад өршөөлийн хуульд хамрагдаж байсан хүн. Гэтэл өнөөдөр 29-р сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж яваад хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон. 29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна” гэлээ. Үүний дараа хуралд оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал Н.АмаржаргалБи өнөөдөр 29-р сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, эцэг эхийн эрхийг хамгаалахад бидэнтэй хамтран ажиллаач гэж уриалмаар байна. Сонсголгүй хүүхэд бол сэтгэцийн өвчтэй юм биш. Багш нар дохионы хэлээр ганц харилцах нь нийгэмшихэд нь муу нөлөөтэй гэдэг нь буруу зүйл. Хүүхдүүдэд дохионы хэлнээс гадна харах чадвар дээр нь суурилж мэдлэг эзэмшүүлэх ёстой. Тэгвэл ЕБС-ийн хүүхдүүдтэй адил түвшинд сурах боломжтой. Энэ ганц 29-р сургуулийн асуудал биш. Төр засаг өөрөө энэ талын бодлого байхгүй. Холбогдох яам тамгын газрууд сурч, хөгжих нөхцлийг бий болгож, төр өөрөө бодлого боловсруулж байж шийдэгдэх ажил. Тиймээс төр засгаас яаралтай арга хэмжээ аваач гэж хүсмээр байна” гэлээ.

 Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх​ С.Сэлэнгэ “Бид Боловсролын яам, нийгэм хамгааллын яаманд дохионы хэлний үйлчилгээ эрхлэх журмыг яаралтай гаргахыг шаардаж байна. Хүүхдүүд шаардлага хүргэснээсээ хойш 30 хонож байна. Тэдний шаардлагыг хүлээж авах цаг нь болсон. Боловсролын салбар бол онцгой салбар. Гэтэл аль нэгийн намын юм уу төрийн бодлогоор гарч ирсэн хүн боловсролын салбарыг удирдаж байна. Энэ тусгай сургуулиудын хувьд мэргэжлийн өндөр чадвартай хүн удирдах ёстой. Сонсголгүй хүнийг ялгаврлан гадуурхаж байгаа нь гэмт хэрэг. 29-р сургуулийн багш нар мэргэшсэн байх учиртай. Хүн хөгжиж дэвжих ёстой биз дээ. Сонсголгүй хүүхдийн тухай зүйд нийцэхгүй юм ярьж байгаад дургүй хүрч байна. Хүний чанар, ёс зүй хаана байна? Хэл ам гаргаад байгаа дохионы хэл сурдаггүй багш нарыг өөрчилье. Сурган хүмүүжүүлэгч суралцагчдаа сэтгэцийн өвчтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээлээ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours