Х.Бадамсүрэн: Надад тансагласан асуудал байхгүй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын хүмүүс Уул уурхайн яаманд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Засгийн газар хэмнэлтийн бодлого явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл таныг 180 сая төгрөг үйлдвэрээс гаргуулж, амьдрах байраа тохижуулсан гэх мэдээлэл байна?

-“Эрдэнэт үйлдвэр”–ийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй.

“Лексус-570” автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгсөн гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөөч?

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй.

-Эдийн засаг хүнд байхад та иргэний үүргээ биелүүлээд 180 сая төгрөгийн тавилгаас татгалзаж болоогүй юм уу?

-Надад тансагласан асуудал байхгүй.

-Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга худлаа ярьсан гэсэн үг үү?

-Мэдэхгүй.

-Таныг нэлээд олон орлогч дарга авч ажиллуулж байгаа гэх юм. Яагаад ийм олон дарга авч ажиллуулах болсон юм бэ?

-“Эрдэнэт үйлдвэр”–ийн статус зургадугаар сард өөрчлөгдсөн. “Монголын зэс” корпораци ТУЗ-ын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан юм байна лээ. Тэнд бол ерөнхий захирал ажлын албатай, ерөнхий захирлыг нэгдүгээр орлогч ажлын албатай байна гэж бүтцийг томьёолсон байдаг. Харин би нэгдүгээр орлогчтойгоо яриад тус, тусдаа ажлын албаар яахав дээ. Үйлдвэр бол нэгдмэл бодлоготой, зангидсан гар шиг ажиллах ёстой. Тэр утгаараа нэг л ажлын алба байгуулсан. Хэвлэлээр гараад байгаа орлогч дарга нар бол надад туслах биш, үйлдвэрийн хэлтэс газруудын уялдаа холбоог хангаж ажиллах, том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Зөвлөх Бямбадорж гэж хүн байгаа. Энэ хүн ил уурхайн даргаар 20 гаруй жил ажилласан. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”–ийн баяжмалыг хайлуулах, боловсруулах асуудлыг хариуцсан. Эрдэнэт үйлдвэр”-т Засвар механикийн завод гэж байдаг. Энэ завод бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй техник хэрэгсэл хийдэг. Бидний цаашдын зорилго бол Монгол Улсын засвар, механикийн завод болж, машинт үйлдвэрийн суурийг тавих юм. Тиймээс энэ төслийг хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл орлогч дарга нар маш хариуцлагатай төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс.

-Таны зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг гэсэн. Энэ нь Засгийн газар хэмнэлтийн бодлоготой уялдаж байгаа юу?

-Тийм асуудал байхгүй. Үйлдвэрээ мэддэг, салбараа мэддэг хүмүүс ажиллаж байгаа. Тэд дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг албан ёсоор залруулъя.

-Таныг валютаар цалинждаг гэх мэдээлэл байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал биш үү?

-Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй.

-“Эрдэнэт үйлдвэр”-т цаашид шахааны бизнес хийхгүй гэсэн баталгааг та гаргаж өгч чадах уу?

-Цаашид шахааны бизнес гэдэг асуудал гаргахгүй. Үүнийг би хариуцлагатайгаар хэлье. Үүний төлөө намайг томилсон байх. Тиймээс шахааны Эрдэнэт биш, шил толь шиг ариун тунгалаг үйл ажиллагаатай Эрдэнэт байна. Тэр бүгдийг та бүхэнтэй хамтраад тодорхой хугацаанд мэдээлэл хийж байх болно.

Сэтгүүлч Ү.Үнэн

+ There are no comments

Add yours