Энэ онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ

Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн  захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ.

Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө.

Мөн хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас  39.8  мянган тонныг нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн,  ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн  нөөц бүрдээд байна. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.

Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг  мөн хангажээ.

Энэ онд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэгийн талаар Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн  захирал В.Үнэнбат “2017 онд улсын хэмжээнд 420,9 мянган га талбайд нийт 1365 аж ахуй нэгж, иргэн улаан буудай тариалахаар бэлтгэж байна. ТЭДС-гийн зүгээс энэ жилийн нийт хэрэгцээт үр ариутгах бодисын  20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар тус тус хангахаар дэмжлэг хэлбэрээр ажиллаж байна. Дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэд хуваарийн дагуу төв болон сангийн салбарууд дээр гэрээ байгуулан дэмжлэгт хамрагдана” гэв.

 

Сэтгүүлч Ү.Үнэн

+ There are no comments

Add yours