Жилийн хугацаанд 45 тэрбумаар нь залилладаг сүлжээг илрүүлжээ

Сүүлийн үед аж ахуй нэгж, байгууллагуудын улсад төлөх татварын хэмжээ эрс буурч байгаа нь тухайн байгууллагын захирал, нягтлан бодогч нарын татвараас зайлсхийдэгтэй холбоотой гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд 2400 орчим компани 400 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн аж.

Эрүүгийн цагдаагийн газраас нэр бүхий 19 компани татвар төлөгч байгууллагуудтай хуйвалдаж, улсад төлөх татвараас хуурамч баримт бүрдүүлэх, хоосон бичилт үйлдэх зэргээр зайлсхийсэн байж магадгүй үйдлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Уг хэрэгт “Энхбуян Хүслэн”, “Их мөрөөдлийн жигүүр”, “Монгол гранд эйнжл инвестмэнт”, “Дашиншил” зэрэг нэр бүхий 19 компанийн захирлуудад холбогдох хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Эдгээр 19 компанийн эрх бүхий албан тушаалтнууд санхүүгийн баримтуудыг  хуурамчаар үйлдэж, НӨАТ гэсэн байдлаар татварын тайланд тусган их хэмжээний мөнгө эргүүлэн авахаар болгож, бараа материал худалдан борлуулсан мэтээр татварын баримтыг хууль бусаар гаргаж өгсөн. Мөн санхүүгийн луйвар явуулдаг байгууллагууд нь бусад компанийн нэрийг ашиглан барилгын материал импортлоод гаалийн байцаагчид төлсөн НӨАТ-ын падаан гаргаж өгдөг зэрэг хууль бус үйлдлүүдийг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд илрүүлэн шалгаж байгаа аж.

Түүнчлэн, санхүүгийн луйвар хийдэг компаниуд татварын асуудалтай аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх мөнгөн дүнгийн 2-4 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг бэлнээр авч,оронд нь татвар төлсөн мэтээр баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгсөн нь улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гэдгийг холбогдох эх сурвалж өгүүлсэн. Учир нь эдгээр компанийн зөвхөн нэг нь л гэхэд жилийн хугацаанд 45 орчим тэрбум төгрөгийн хуурамч тайлан гаргаж өгсөн байжээ.

Сэтгүүлч С.Баяр

1 Comment

Add yours

Leave a Reply to zochin Cancel reply