ОРГОДОЛ …

“Чулуут сумын дэлгүүрт хулгайч ороод ухчихжээ” гэдэг яриа зургадугаар сарын халуунтай сумын жоохон хавтгай зоогоор тарж, цааш халин багуудын нутгаар тэнүүчлэн, хөгшид авгайчуудын үдийн цайны хачир болсон гэнэ. Хэн хэнийд орж, хэн хэнийд тоглож байгааг, хэний эхнэр өнөөдөр ямархуу ааштай байж, хэний хүү хэний охин руу харц шидсэнийг ердөө л хагас цаг хүрэхгүй хугацаанд хуй салхи шиг тарж амждаг сумын төвд манаачид нь мэдэгдэхгүй орж хулгайлна гэдэг хүмүүсийн нүдийг оройд нь гаргахаа шахах нь аргагүй.

Сумын хэсгийн төлөөлөгчөөс гадна сумын иргэд өөрсдөө энэ асуудалд анхаарлаа нямбай нь аргагүй хандуулж, эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн гэнэ. Тиймээс нэн түрүүнд нутгийн иргэд  хулгайчийн мөрийг баллачих вий гэсэндээ  хэн ч дэлгүүр рүү орохыг хүссэнгүй, нэг ёсондоо бүх зүйлийг ном журмаар нь хийгээд тоногдсон дэлгүүрийг байн байн хачирхан харсан шигээ төвөөс ирэх цагдаагийн ажилтанг харуулдаж, хэн нэгнээсээ түрүүлж мэдэх ажилд өөрсдийгөө ч анзааралгүй хутгалдан орох нь тэр.

Удаа ч үгүй, ГАЗ-53 машин тоос татуулан давхисаар тоногдсон дэлгүүрийн өмнө зогсч, кабинаас мөрч нохой хөтөлсөн цагдаа бууж ирэхэд сумын төвийнхөн бараг л тэр чигээрээ хуйлран ирж, нохойтой цагдаа хэрхэн ажиллахыг сониучирхан шавах нь тэр. Арга ч үгүй байх. Сумын хэмжээнд анх удаа хулгайн томоохон хэрэг гарч, аймгаас мөрч нохой ирж байгаа болохоор сониуч иргэдийн анхаарлыг татахын ихээр татаж, даруй мөрч нохойны малаар бие биенээсээ давах гэсэн цуу яриа хөвөрч эхлэх нь тэр.

Хулгайч дэлгүүрийн хаалгыг эвдэн оржээ. “Гаднаас нь гөнжин эвдсэн лоом төмөр илхэн хэвтэж, лангууны доор лаа барьж байгаад пичень, боов, чихэр идэж тухалсан байж. Төмөр шүүгээг хөшиж онгойлгож, бэлэн мөнгө, боож, багцалж зэхсэн төгрөгүүдийг аваад зогсохгүй, бэлэн хувцас, лаазалсан мах, багагүй боов чихэр, хайч авсан байж. Алга болсон барааг худалдагч тоо ширхэгээр нь гаргаж өгсөнөөс харахад аргагүй л ясны нямбай хүн юм” гэсэн яриа хуурай өвсөнд тавьсан түймэр шиг тархаж, хураалттай ноосон дээр хэвтэж хоносон дэлгүүрийн манаач ямар ч чимээ сонсоогүй байсан нь бүр жигтэй гэх хардлага айнаа л хөвөрсөөр…

 Дэлгүүрт худалдагч, цэвэрлэгч, гурван манаач, нярав ажилладаг байж. Хэргийн байдал, үүссэн нөхцөлөөс харахад хулгайч гаднаас биш дотроос байж  таарна хэмээн бодсон мөрдөн байцаагч дэлгүүрт ажилладаг 10 хүнийг нэг эгнээнд жагсааж байгаад хулгайчийг илрүүлэх ажиллагаа зохион байгуулахаар болж. Хөдөөний  хүмүүс дуулгавартай нь сайхан. Тэр дундаа ийм том асуудал үүссэн байхад зөрөх, юу болоод байгааг тодруулаад асуух ч хүн байсангүй. Тиймээс мөрдөн байцаагчийн хэлсэн ёсоор жирийтэл нэгэн эгнээнд зогсч, айхтвар мөрдөгч нохойг ирж үнэрлэж танихыг нь хүлээн түгшиж зогсох нь тэр. Мөрдөн байцаагчаас илүү нохойноос айсан хүмүүсийн царай адилхан түгшүүр. Олны нүдэн дээр зуугаад авбал яана гэсэн айдас хэн хүний царайд тодорч, нохой зуугаад л авбал өнгөрч байгаа нь тэр. Нохой зууж л байгаа бол тэр хүн эргэлзээгүй хулгайч мөн гэсэн олны үг жагссан хүмүүсийн чихэнд сонсогдож, хулгайч болж нутгийнхандаа ад үзэгдэж байхаар шидмэсээр боогоод талийчихдаг нь дээр гэсэн бодолтой хүн ч байсан гэдэг.

Мөрдөгч нохой жагссан хүмүүсийг хайнгад нэг харсан болоод нээх гунигтай эзнээ хараад хэвтчихэв гэнэ. Ахиад үнэрлэх тушаал өгсөн эзнийхээ үгэнд орох бүү хэл эзэн рүүгээ ч харахгүй доош харан хэвтэх нохойг дахин үнэртэх үүрэг эзэн нь өгсөн ч даанч нэг хөдөлсөнгүй гэнэ. Аргаа бараад нохойгоо хөтлөн хүмүүсийн дундуур алхах цагдаагийн ажилтнаас айж сандарсан хүмүүс дөлж зугтан, бушуухан зай тавьж өгөн ярагдаад байж. Хамгийн гол нь цугларсан хүмүүсийн ч урам хугарчээ. Тэд бидний дунд хулгайч алга гэж баярлаагүйгээр барахгүй, хагас өдрийн ажил болж бэлтгүүлчихээд минут хүрэхгүй хугацаанд үнэрлэсэн болоод хэвтчихсэн их зантай нохойд бухимдах тиймшээ хандаж эхэлж. Хүмүүс тарах дургүй байлаа.

Мөрдөгч хэсэг байзнаад дэлгүүрийн ажилтнуудыг нэг бүрчлэн байцаах ажиллагаа эхлүүлж. Хамгийн эхлээд хэрэг гардаг шөнө манаатай байсан хүмүүсээс эхэлж. Гэвч байцаалт өгсөн хүмүүсийн хэн нь ч хэрэгтэй мэдээлэл өгсөнгүй. Тэр бүү хэл тэр шөнө сумын хэмжээнд манаатай байсан хүмүүсийг байцаагаад ч олигтой сэжим гарсангүй. Бүх манаач нар тэр шөнө унтаж, амар амгалан хоносон байх юм гэнэ. Гэтэл нэг манаач авгай л “тахтай гутлын чимээ сонссон” гэхээс өөр сэжим болгох юм  ярьсангүй гэнэ. Тиймээс сумын төвийн иргэдийн хэчнээн нь тахтай гутал өмсдөгийг судалтал таван хүн л  гутлаа тахалж өмссөн байхыг тогтоож. Гэтэл тэдгээр тахтай гуталтай иргэд хэрэг гардаг шөнөө тавуулаа гэрээсээ гараагүй  хоносон тухай ар гэрийнхэн нь ам шүдээ өгөн баталж гарч.

Бас нэгэн сураг сонссон нь тухайн шөнө морио аргамжаад явж байсан хүн тахтай гутлын чимээ сонссон тухай байв. Мөн маргааш өглөө нь сургуулийн манаачийн хүүхэд хоёр ширхэг цаастай пичень идэж явсан тухай сонсч. Охинтой уулзтал, өглөө эрт сүүнд явж байгаад боодолтой хоёр пичень олоод идсэн гэдгээ хэлж. Охин пичень олсон газраа ч зааж өгч. Охины зааж өгсөн газар очтол тахтай өсгийтэй, нэг талруугаа далбийсан том гуталтай хөлийн мөр зөөлөн шороон дээр дурайж байж.  Мөр сумын төвийн урд орших модтой уулыг чиглэн замаар гараад тасарч. Тиймээс ууланд бүгдсэн оргодол байж болох юм хэмээн сэтгэсэн мөрдөгч нутгийн иргэдтэй уулзаж сураглавал олигтой сураг мөн л гарсангүй. Харин өглөө эрт адуунд явсан нөхөр модны цоорхойд явган хүн явж байхыг харсан ч дурандаад хэн болохыг нь таниагүй гэснээс үзэхэд хэн нэгэн үл таних этгээд сумын төвийн ойролцоо орогнон үе үе хулгай хийгээд байгаа нь тодорхой болов. Учир нь амбаараас хонины гуя, данх, лаа шүдэнз алга болоод зогсохгүй, гэрийнхээ гадна хонуулсан эмээлээ алдсан айлуудын гомдол тасрахаа байж.

Ингээд хэд хоног харзнаж байгаад мөрдөн байцаагч залуу түлээнд явж байгаа мэт үхэр тэрэг хөтлөн уул руу гарчээ. Мөрдөн байцаагчийн эл үйлдийг буруушаан, болгоомжгүй зүйл хийж байна гэсэн нутгийн хүмүүсийн яриа гарч, сэтгэл сайтай зарим нь гүйж ирэн болгоомжтой явахыг сануулж байв. Учир нь нутгийн иргэд оргодол буу зэвсэгтэй байх вий хэмээн эмээж байсан юм. Хашир мөрдөгч энэ зэргийн зүйлийг мэдэхтэйгээ учир хүмүүсийг тайвшруулаад уул руу ажиг ч үгүй ганцаараа яваад өгч. Өдөржин гишүү мөчир түүж, мөр хайсаар тэрэг дүүрсэн учир халиар түүсэн шигээ мөр хайх ажлаа үргэлжлүүлсэнээр тахтай гутлын мөрөө олсон ч уулын арын шигүү мод, өндөр хясаа руу явсан байсан учир чигийг нь хараад орхиж, уулнаас бууж иржээ. Тэрбээр ингэж явахдаа орос чихрийн цаас олж, эд мөрийн баримт болно хэмээн нямбайлан хадгалахаа ч мартсангүй.

 Хашир мөрдөгч сумын даргатай уулзаж, 10-аад морьтой, буутай хүмүүсээр багаа бүрдүүлэн оргодлыг барихаар тохиролцон уулыг бүсэлж, отоонд суужээ. Отоонд суугчдаас гадна үргээлгийн хүмүүсийг бас сумын иргэдээс бүрдүүлэн, нохойтой иргэд их дуу чимээ гарган хашгиралдан ойг самнаж гарч. Харин хашир мөрдөгчийн нүдэнд ойн жижигхээн цоорхой харагдаж, тэр цоорхойд л оргодол гарч ирнэ дээ хэмээн өөрийн эрхгүй хүлээж сууж. Хүмүүсийн хашгираан, бие биенээ дуудан орилолдох чимээнээс гадна ноход хуцалдаж сүртэй юм болсон учир ойн гүнд унтаж байсан оргодлыг сэрээж орхиж. Гэнэтийн дуу чимээнд цочиж сэрээд, ухаанаа алдсан оргодол хашир мөрдөгчийн бодсончлон ойн цоорхойд гарч ирээд хэсэгхэн зуур зогссоноо яг мөрдөгчийн сууж байгаа чигт гүйгээд ирж. Харин үүнийг хүлээж байсан мөрдөгч  буугаа мөрлөн гарч ирэн зогсохыг анхааруулахад оргодол барьж явсан юм аа шидээд шууд гараа өргөн бууж өгөх нь тэр.

Оргодол цэргээс оргосон хугацаат цэргийн албан хаагч байжээ. Сар гаруйн өмнө ангиасаа оргосон оргодол сүүлдээ зүг чигээ алдан хамгийн түрүүнд тааралдсан сумын төвийг бараадан ойр зуурын юм хулгайлан амиа зогоож байсан аж. Тэрбээр дэлгүүрээс хулгайлсан хоёр толгой торгоор биеэ хучин,айлын гаднаас хулгайлсан эмээлийг дэрлэн ойн гүнд унтдаг байж. Түүний хоол дэлгүүр тонож цуглуулсан пичень чихэр байсан бөгөөд түүнийг барих үед үлдэгдэл нь орогнож байсан газраас нь олдсон гэдэг. Өдөржин унтаж, шөнө болгон сумын төв орон дэл сул юм хулгайлан сар гаруй хугацаанд ойд хоног төөрүүлсэн оргодол цэргийг баривчилсанаар Чулуут сумын иргэд хэсэгтээ л тайван амгалан амьдарсан гэдэг.

Баримтад тулгуурлан бичив.

Сэтгүүлч С.Саянаа

+ There are no comments

Add yours