…. Ямар ч амьтны зулзага бөөстэй байдаг нь сонин. Бөхөнгийн зулзаганы бөөс жижиг жижиг цайвардуу ширх байдаг аж. Төрөөд 3-5 хоногтоо ширх нь бүрэн алга болдог гэнэ. Харин миний хувьд төрөөд хэдхэн цаг л болж байхад нь эхээс нь салгачихсан бололтой, тэнцэж ядаж байсан бөхөнгийн зулзагыг өвөртөлчихсөн болохоор бүх бие маань ширхэнд баригдчихсан, улаан гөвдрүү туураад айхтвар юм болж билээ. Бас очоод өргөхөд хөл нь нугарч, хөл дээрээ тогтохгүй байсан шалтгаан зэрлэг амьтаны төрөлхийн зөнтэй холбоотой байж. Учир нь ганц бөхөн гэхгүй, өвсөн тэжээлт зэрлэг амьтаны зулзага гадны чимээ л сонсох юм бол ямар ч хөдөлгөөнгүй хэдэн цаг яг л хөшсөн юм шиг хэвтдэг юм байна. Ээж нь иртэл, ирээд үнэрлэтэл яг л үхсэн юм шиг хэвтдэг байж, гэтэл тэрийг мэдэхгүй би хөөрхий зулзагыг унаж явсан морио гишгээд хөлийг нь гэмтээчихлээ гээд авч яваад эхээс нь төөрүүлсэн байж таарав.
Эх бөхөнгийн хувьд төрөөд зургаа дахь хоногтоо хөх ширгэдэг болохоор төл нь өвсөнд шууд орчихдог, төрөөд 5-6 цаг болоход дөрвөн хөл дээрээ бүрэн тэнцээд, ээжтэйгээ ямар ч хол газар хамтдаа цахилчихдаг мундаг амьтан бол бөхөн байж. Гэтэл ийм амьтны үрийг эхээс нь салгаад өвөртлөөд ирсэн болохоор ээж, аав маань таатай хандаагүй ч нэгэнт аваад ирсэн юм чинь ямааны сүүгээр угжаад үз. Хөхөх болов уу яах бол гэснээр оройн саальнаар хөх нь чинэрч гүйж ирсэн ишиг нь үхээд удаагүй байгаа тулман хөхтэй цагаан ямаандаа хөхүүлэхээр болов.
Нар бууж байхад саалийн мал ч ирж, хайдагшаад удаагүй тулман хөхтэй цагаан ямаа саалгахаар хувин барьсан хүн бүхнийг дагаж гүйхээр нь олзны зулзагаа тэвэрсэн би тосож гүйж очоод хүзүүдээд авдаг юм байна. Бөхөнгийн зулзага маань их өлссөн бололтой, эрээлэх юмгүй ямааны хөх рүү дайрч байна, харин номхон цагаан ямаа маань хамрынхаа нүхээр агаар сорж хий үнэрлээд л муухай дуугаад майлж, туйлж хаяад хөхүүлдэг юм биш. Аргаа бараад нүдийг нь хааж, урд хөлийг нь өргөн сойж байж арай гэж номхруулж аваад хөхүүллээ. Зулзага ч шальж хөхсөнгүй, хэд хүчтэй сороод л гэдэс нь цодойж гарч ирээд хөхөж чадахаа байчихдаг юм байна. Харин нялх амьтны уруул мэдэрсэн тулман хөхтийн маань хөх нь улам чинэрч, ивлэхэд саяхан л муухай аашилж байснаа мартан эх амьтны зөнгөөр үр төлөө үнэрлэх гэж сүйд болохоор нь нүдийг нь гарсан гар, хөлийг нь тушсан тушаагаа автал хөөрхий муу зулзагыг төө хол очтол эврээрээ сэжчихээд, эхийгээ хөхөж байгаа бусад ишигнүүд рүү тэмүүлэх нь тэр…
Зуны эхэн сарын хөлгүй их ажлын хажуугаар өглөө, оройд тулман хөхтэй цагаанаа үртэй болгож, төөрүүлж авчирсан зулзагаа эхтэй болгохоор өөрийн чадлаараа мэддэг бүх дуугаа дуулж, уяраах гэж үзэж тардаг ажилтай болсоны хүчинд хүлүүлж баглуулахаа байж, хөхүүлчихдэг боллоо, тулман хөхт маань. Харин өлсөхөөрөө мушгирсан урт хамраа нээх муухай дуугаргасаар дээр дээр үсрээд давхиад ирдэг болсон зулзага маань 10-аад хонож байтал чацга алдсаар нүднээс гарчихдаг юм байна. Уг нь их хөөрхөн, том болж, бас хотны ноход хүний нүд хариулж хөөж элдэх гээд байдаг нь арай багасаад аль аль нь дасч эхэлж байтал ийм юм болохоор сэтгэлээр их унаж, багагүй түгшсэн надад аав “зэрлэг амьтны төлийг зовоохоо болиод хээрт нь гарга” гэдэг зөвлөгөө өгч, ээж маань “нялх амьтан учраа мэдэхгүй явж байгаад нохой, шувууны хоол болчихно” гэж болгоомжилсноор дахиад хэд хоног гэртээ байлгахаар болдог юм байна.
Бөхөнгийн зулзага их сонин ааштай. Сайхан зантай байгаа нь андашгүй, дээр дээр үсрээд л цахилчихна. маш хурдан, хөдөлгөөнтэй, бас үргэлж доош шагайж явна. Хааяа нэг өлийж харчихаад л мушгирсан хамраа газарт шүргүүлээд л шогшиж байснаа огцом дээшээ хөөрч байгаа шиг үсэрнэ. Тэгээд газар буухад элбэг хагас метр газар үсэрсэн байна. Мөн бороо орох гээд л тэнгэр муухайраад унахаар яг үерийн зам дагаад ганганд очоод хэвчихнэ. Хэд хэдэн удаагийн үерээс гүйж очиж гаргаад байхад хаширна гэж байхгүй, ганганы мухарт очоод л цагираг шиг болоод хэвтчихнэ. Харин өлсөхөөрөө “хөхүүл ээж” болсон ямаа дээрээ хэзээ ч ганцаараа очихгүй, намайг цагаан ямаа руу явахаар хаанаас ч байсан ганцхан үсрээд гараад ирнэ. Тэгээд хөхөж аваад цадахаараа нээх муухай хуухираад дуугарна, яг тэр үед цагаан ямаа маань ч сэжиж орхино. Хэд, хэдэн удаа сэжүүлээд хаширсан юм байлгүй, сэжихээс нь өмнө үсрээд арилж өгнө. Ямар нэгэн амьтнаас зугтах үедээ саад бэрхшээлийг тойрно гэж байхгүй, ганга, гуу, идээшиж байгаа хонь, ямааны дээгүүр шууд үсрээд л гараад явчихна, үнэхээр гайхалтай, амьтан байлаа…
Гэтэл энэ хөөрхөн амьтан хагас сар болоод цацга алдсаар үхчихдэг юм байна. Тулман хөхтөө хүзүүдээд л “зулзагаа” хэмээн дуудаад гарч ирэхгүй болохоор нь гэрийн гадна, майханд зассан үүрэнд нь байна уу хэмээн хайж очиход хэдийнэ үхээд хөшчихсөн байдаг юм байна. Маш их харамссан, гашуудсан надад аав “хээрийн амьтан зургаан хоноод л өвсөнд ордог байхад хагас сар болчихоод байхад зөвхөн сүү уугаад байхаар ходоод нь боловсруулж дийлэхгүй чацга алдаад үхчихжээ, чи шүдийг нь хар, бүх шүд нь бүтэн гарчихаад байхад ганц ширхэг өвс идэхгүй байна гэдэг өвсөн тэжээлт амьтанд ямар олиг байх вэ” хэмээн сургаж, загнаснаар хөөрхий зулзагаа баруун хойд талын элстэй ганганд булж оршуулах ажлыг дүүтэйгээ хамт гүйцэтгэв.
Сар хагасын дараа бага эрээний баруун шилээр аавтайгаа хамт адуунд явж байгаад хоёр бөхөнтэй таарав. Санаа дагаа ч тэр үү яг зулзага олсон газрыг тойроод л байгаад байх шиг болохоор өөрийгөө буруутгаж, үхсэн зулзаганд харамсан аавдаа “та тэр хоёр бөхөнг харж байна уу, арай миний аваад явсаныг мэдэхгүй зулзагаа хайгаад л эргээд байдаг юм болов уу” гэхэд “амьтад шүү дээ, байгалийн шалгарлаар олон зүйлийг туулж яваа наад амьтад чинь баярлаж, гуниглах хүний араншинг даанч мэдэхгүй. Тиймээс дэмий зүйлд шаналах хэрэггүй” хэмээн өгүүлж байсан нь өчигдөрхөн мэд санагдах, ай миний 17-хон нас минь ээ.
Тэр жилийн намар их урт, бас дулаахан байсан санагдана. Манайх Тонхил, Дарив сумын зааг Ондгор гэдэг газар намаржиж байсан. Оройн нар хүүшилж, бэлчээрийн мал хотоо бараадах цаг дөхөж байсан болохоор гэрийн арын овоот толгой дээр алсыг харан дурандаж суугаад, хажуугийн толгодын салаанд нэг амьтан хөдлөөд байх шиг болохоор нь ахиулан хартал мэдэгдэх юм харагдсангүй. Гэвч өөрийн эрхгүй анхаарал татаад байхаар нь яваад очтол яахын аргагүй нэгэн том хомоол яваад байх юм. Мэл гайхаж, цэл хөхөрсөн би мэлэрч зогстол хөдлөөд байгаа хомоолын хажууд арсайж,барсайсан хөх хадны өнгөтэй, бүдэг судалтай хөр саарал амьтны хоёр нүд гялалзаж байх нь тэр. Ахиулан хартал муурны л хэмжээтэй биетэй, арай сагсгар амьтан байх юм. Хөдөө хээр газар муур баймааргүй юм хэмээн бодсон ч, бас нүд салгахгүй ширтээд байхаар нь өөрийн эрхгүй ширвээдэж доош тонгойн томхон шиг чулуу аваад хартал өнөө амьтан алга болчихож. Нэлээд хайлаа, гартаа чулуугаа тас атгачихаад л хайгаад л байлаа. Гэтэж байгаа миний яг хажууд өнөө явдаг хомоол ирчихэж, өөрийн эрхгүй өшиглөх гээд хөлөө өргөсөн чинь нөгөө талд нь хамхуул бас яваад унадаг юм байна. Ёстой л айсан хүнд аргал хөдлөх гэдэг шиг болж, алмайрч байтал явдаг хомоолын ард мушгирсан хөх саарал сүүл байгааг харж, зальтай гайхлуудыг ухааныг өөрийн эрхгүй бахдаж билээ. Манай нутгийн мануул, хомоол, хамхуул нүүрэндээ бариад л хүний хөдөлгөөн дагуулаад явсаар амиа авардаг сэргэлэн амьтад байсан. Мануул өөрөө муураас нэг их томдохгүй биетэй, бас хөдөлгөөн лазандуу болохоор аливаа зүйлд зугтахаас илүү зальдаж амьд үлддэг сэргэлэн амьтан болохыг ингэж өөрийн нүдээр харж билээ.
Үргэлжлэл бий…
+ There are no comments
Add yours