Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр БНХАУ-ын иргэн, шүүгдэгч Өргөнталд холбогдох хэргийг хэлэлцэх байсан. Шүүгдэгч Өргөнталд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн билээ.  Шүүх хурал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байдал тааруухан байгаагаас шүүх хуралд оролцож чадахгүй болсоноос  2017 оны тавдугаар сарын 08-ны 09:00 цаг хүртэл хойшиллоо.

Хэргийг нэхэн сануулахад,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд түр оршин суугч БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө эхнэрээ болон тухайн үед гэрт нь байсан дөрвөн настай хүүг харгис хэрцгий аргаар амийг нь хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэргийг үйлдсэн юм. Гэмт этгээдэд хэргийг үйлдэхдээ архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр, онц харгис, хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөрийн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчдыг биеэ хамгаалах  чадамжгүйг мэдсээр байж, хоёр ба түүнээс олон хүний амийг хөнөөсөн  гэдэг үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу яллах дүгнэлтийг үйлдсэн гэдгээ улсын яллагч өгүүлдэг.

Нөгөө талаар сүүлийн үед манай улсад ихээр үйлдэгдэх болсон гэр бүлийн хүчирхийллийн нэгэн хэлбэр энэхүү гэмт хэргийн золиос болж хохирсон хохирогчдоос анзаарагддаг. Учир нь таньж мэдэхгүй нэгэнтэй, маш хурдан хугацаанд хамтран амьдрахаар тохирч, гэр бүл болдог. Гэтэл энэ нь эргээд өөрийг нь төдийгүй, ойр дотны хүмүүс, хамаатан садангийнх нь ч аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж амиа ч алдаж болзошгүй нөхцөл үүсдэгийг энэхүү хэргээс харж болно.

Гэмт этгээд Өргөнтал гэг нь БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хорчин зүүн Үзэмчин хошууны иргэн. Манай улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй, “Жигүүр гранд”, “Бэрэн” ХХК-ний хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байсан, хохирогч Монгол бүсгүйтэй 2014 онын зургаан сард гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан байдаг. Хохирогч бүсгүй сэжигтэн этгээдтэй 2014 оноос өмнө хамтарч амьдарч байсан гэдэг мэдээлэл байдаг бөгөөд хэрэг гарах үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд орших тус байрыг түрээслэж амьдарч байсан, нөхөр болох этгээдийг өндөр цалинтай, сард хоёр сая төгрөгийн цалинтай хэмээн хөршүүддээ ярьж байсан гэдэг.

Манай улсад гадаадын иргэнтэй гэр бүл болоход шалгуур өндөр байдгаас гэр бүл болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жил амьдрах виз даруулж, оршин суух зөвшөөрлөө авсан гэмт этгээд Өргөнтал нь монголын барилгын томоохон компаниудаас гадна, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” ХХК-д хятад монгол хэлний орчуулагчаар ажиллаж байсан гэдэг.

Харин хохирогч бүсгүй Х нь Баянхонгор аймгийн иргэн. 1976 онд төрсөн. Хоёр хүүтэй, цэцэрлэгийн багш мэргэжилтэй бүсгүй байж. Тэрбээр Хархорин захад лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг 2008 онд Өргөнталтай анх танилцаж байсан аж.

Хэрэг гардаг өдөр хамаатных нь эмэгтэй дөрвөн настай хүүгээ тэднийг авчран түр харж байхыг гуйгаад хонуулахаар болоод явсан байдаг. Гэтэл тэр шөнө гэмт этгээд хохирогчтой архидан, улмаар маргалдаж, заазуур барин ална хэмээн дайрч, хохирогчийн төдийгүй, дөрвөн настай хүүгийн амийг хөнөөгөөд 13 настай дагавар хүүгийн амийг хөнөөнө хэмээн мөн дайрсан байдаг.

Амиа хамгаалан тэмцсэн хүү гарандаа гэмтсэн ч арайхийн гэрээсээ зугтан гарч, хөршийндөө очин тусламж гуйснаар хэргийн талаар цагдаад мэдэгдэж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай ирэн гэмт этгээдийг үйлдэл дээр нь саатуулан хүний амь дахин хөнөөхөөс аварсан байдаг.

Сэтгүүлч:С.Саянаа

+ There are no comments

Add yours