Япон Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөхтэй уулзав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр  Япон Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорүтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Зөвлөх Кикүчи Минорү “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан зарим зүйлийг асууж тодруулав.

Тухайлбал тогтоолын төсөлд гадны хөрөнгө оруулалттай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг заавал Монгол Улс дахь банкны дансаар явуулдаг байх зэрэг заалтуудыг тодруулж өгөхийг хүслээ.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Тогтоолд дээрх заалтыг оруулья гэдэг саналыг УИХ-ын Ц.Даваасүрэн гаргасныг УИХ-ын гишүүд дэмжсэн. Томоохон төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага байгаа. Тухайлбал, Оюутолгой компани жил бүр БНХАУ-аас асар их мөнгө зарцуулж эрчим хүч худалдаж авдаг. Мөн Тавантолгойд төмөр зам барих ёстой, цахилгаан станц байгуулах асуудалд олон компани саналаа өгсөн. Зарим нь эрхээ авсан ч ажил нь удаашралтай байгаа. Хоёрт, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиийг хэлэлцэж  байна. Энэ хууль батлагдвал томоохон хөрөнгө оруулагчидтай харицдаг банкууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Таны асуусан асуултын тухайд бид Засгийн газарт чиглэл өгсөн. Түүнээс биш аль нэг хууль тогтоомжид уг заалтыг оруулсан асуудал байхгүй” гэсэн хариултыг өгөв.

 

+ There are no comments

Add yours