Төв талбайд байгалийн бүтээгдэхүүнээр хийсэн урлалуудыг дэлгэжээ

“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр  Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болж байна.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотын дүүрэг, 21 аймгийн нөхөрлөлийн төлөөлөл оролцож байгаа юм. Үзэсгэлэн худалдаагаар байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Ургаа модыг огтлохгүйгээр ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан хичнээн олон төрлийн бүтээгдэхүүнийг урлаж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас харж болно. Үзэсгэлэнд нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнүүд тавигдсан бөгөөд олсон орлогыг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах цаашдын үйлсэд зориулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд нийт 1629 нөхөрлөл, 1200 гаруй байгаль орчны Төрийн бус байгууллага, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа ажиллаж байна. Мөн ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн Төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа аж. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд гарч буй ахиц дэвшлийг харуулж байгааг албаныхан онцолж байв.“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-д оролцогчид онцоллоо.

“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” маргааш Төрийн ордны их танхимд болох юм байна. Чуулганд 21 аймаг, 170 гаруй сумын Засаг дарга, 1690 гаруй нөхөрлөлийн 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Сэтгүүлч Г.Гэрлээ

 

+ There are no comments

Add yours