Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жяныг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр өрнүүлсэн ярианы гол сэдэв нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 1000 айлын түр оршин суух орон сууц баригдах төслийн ажлыг яаравчлуулахад чиглэсэн юм. Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл энэ сарын 10-12-нд БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн сайдын урилгаар албан ёсны айлчлал хийх үеэрээ дээрх төслийг танилцуулаад ирсэн. Одоогоор Монголын талаас уг барилгыг барих газар, дулаан, эрчим хүч, дэд бүтэц, барилгын зураг төсөл бэлэн болж зөвхөн ажлаа эхлэхэд бэлэн болоод байгаа юм байна.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хоёр талын Засгийн газрын түвшинд асуудал шийдэгдсэн тул барилгын ажлыг эхлэх цаг болсон. Байгаль орчинд хор нөлөөгүй, буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа учраас чанар, хурдад яарч байна. Миний бие энэ төслөөс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй зарим төслийн ажлын хэсгийг ахалж байгаа, тэдэнтэй харьцуулбал энэ төсөл харьцангуй удааширч байгаад мэргэжлийн хүний хувьд яарч байна ” гэсэн юм. Харин БНХАУ-ын Гадаад тусламжийн газрын Азийн хэлтсийн эдийн засаг, худалдааны нарийн бичгийн дарга Цао Жян “Таныг мэргэжлийн хүний хувьд яарч, мэддэг чаддаг ажлаа цаасан дээрх үг биш бодит ажил болгож харахыг хүсч байгааг ойлгож байна. Ирэх тавдугаар сарын эхээр манай талаас зөвлөх компаниа ирүүлж ажлыг түргэвчлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ дашрамд танай яам болон Сангийн яам, Гадаад харилцааны яамны ажил хэрэгч хамт олонд талархал илэрхийлье” гэв.
+ There are no comments
Add yours