ХОРИХ АНГИУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2017 оны 04 дүгээр сард хяналтын харьяа Хорих ангиудад харуул хамгаалалтыг хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулж байгаа эсэхийг шалгажээ.

Шалгалтаар зарим хорих ангиудад харуул хамгаалалтын ажилтнуудыг батлагдсан орон тооноос дутуу ажиллуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 205/94 дугаар хамтарсан тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын албан хаагчдын ажлын ачааллын жишиг нормативд заагдсан шаардлагыг хангаагүй зөрчил илэрч байсан байна.

Түүнээс гадна зарим ялтнуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулж бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулаагүй, хорих ангид хориотой эд зүйлсийг нэвтрүүлсэн зөрчлийг бүрэн шалгаж, үзлэг нэгжлэгийг хангалтгүй хийсэн албан хаагчид хариуцлага тооцоогүй, зөвхөн ялтанд гар утас хэрэглэсэн гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авч бусад асуудлыг шалгалгүй орхигдуулсан, албан хаагчид нь ялтнаас эд зүйлийг хураан авах, устгахдаа чанар байдлын талаар тэмдэглэлд тусгаагүй, өөрсдөө хяналтгүйгээр устгасан, харуул хамгаалалтын бүсэд байрлах обьектод зэвсгийн чанартай, тэсэрч дэлбэрэх эд зүйлсийг ил задгай, хамгаалалтгүй хадгалсан зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хорих ангийн дотоод журам, Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам, Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтны ажлын зааврыг зөрчсөн цөөнгүй зөрчлүүдийг илрүүлжээ.

Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, илэрсэн зөрчлүүдийг арилгуулан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, мөн цаашид давтан гаргуулахгүй ажиллуулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авахуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 409, 421, 429 дүгээр ангиуд болон тус газрын дарга Ц.Амгаланбаярын нэр дээр прокурорын шаардлага хүргүүлэхээршийдвэрлэсэн байна.

+ There are no comments

Add yours