Төрөлхийн тэмбүүтэй хүүхдүүд төрөх нь ихсэж байна

“Нөхөн үржихүйн тусламж, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах,төрөлхийн тэмбүүг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх” үндэсний хэмжээний уулзалт, сургалт болж байна.

Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Жирэмсний хяналтын чанарыг харуулах чухал үзүүлэлтийн нэг болох төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарсаар байна. 2013-2015 онд төрөлхийн тэмбүү өвчтэй 108 хүүхэд төрснөөс 36 нь төрөлхийн тэмбүү өвчний улмаас эндсэн байна. 2015 онд төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 80.7 хувь нь жирэмсний хяналтад бүрэн хамрагдаагүй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 13 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс төрөлхийн тэмбүү оноштой 2 нярай нас барсан, 1 амьгүй төрсөн байна. Эдгээр 13 тохиолдолд дүн шинжилгээ хийж үзэхэд төрсөн эхчүүдийн 9 нь жирэмсний хяналтад хамрагдсан, 4 нь хяналтад хамрагдаагүй бөгөөд жирэмсний хяналтад хамрагдсан 9 тохиолдлоос тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд 7 нь хамрагдсан, үүнээс хугацаандаа бүрэн буюу 2 удаа хамрагдсан жирэмсэн эх байхгүй байна. 2014 оны тандалтын судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 5.2 хувьтай, төрөлхийн тэмбүү 2014 онд 10000 хүн амд 0.1, 2015 онд 0.2 промиль болж өссөн байна. Сүүлийн 5 жилд эндсэн 152 эхийн жирэмсний хяналтын байдлыг авч үзвэл 20.4 хувь нь хяналтад огт ороогүй байна. 2016 онд жирэмсэн 15 эх эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас эндсэн нь жирэмснийг эрт илрүүлээгүй, эх жирэмснээ үргэлжлүүлж тээж чадах эсэхийг зөв үнэлж чадаагүй, хяналтын чанар сул байсантай холбоотой байна. Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөгсдийн 42 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, ХДХВ/ДОХ-ын талаар цогц мэдлэгтэй залуучуудын эзлэх хувь эрэгтэйчүүдийн дунд ердөө 20.7 хувь, эмэгтэйчүүдийн дунд 22.8 хувь байна. Иймд нөхөн үржихүйн (эсэн мэнд амаржихуй) эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бэлгийн замын халдварт өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг уялдуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцлон хэллээ.

Сэтгүүлч Д.Думаа

+ There are no comments

Add yours