ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗОГСООЖ БОЛОХГҮЙ ГЭВ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Сумъяабазар гишүүнээс БХБ-ын сайд Г.Мөнхбаярт тавьсан хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх асуулгын хариуг сонсов.

2010 оноос Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд долдугаар хорооллын барилгыг эхлүүлсэн нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхлэл байсан бөгөөд 2013 онд 25 байршил болж өргөжсөн байна. 25 байршлыг нийт 75 хэсэгт хувааснаас 28 байршилд барилга, угсралтын ажил эхлээд буй юм. Харин төсөл хэрэгжүүлэгч нь шалгарсан боловч ажлаа эхлээгүй 22, огт шалгаруулаагүй 25 байргил байгаа юм. 25 байршлийн хэмжээ нийт 1615.8 га бөгөөд 85 мянга 190 иргэн амьдардаг аж. 2014-2016 онд нийт 4829 айлын орон сууц ашиглалтад орсон хэмээн Г.Мөнхбаяр сайд онцлов.

Тэрбээр, “Дахин төлөвлөлтөд хамрагдахаар газраа чөлөөлсөн иргэдийг төсөл хэрэгжүүлэгч компани түр хугацаанд түрээсийн орон сууцанд оруулж, төлбөрийг нь хариуцан төлөх ёстой. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийг нь өгч чадахгүйд хүрч, 336 өрх амьдрах байргүй болох асуудал тулгарсан. Тиймээс НЗД-ын захирамжаар “Ахмадын орон сууц” болон “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд баригдсан орон сууцанд түр оруулаад байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор МҮОНРТ орчмын гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбох, III, IV хороололд 2559 айлын орон сууц барих төслийг БНХАУ-ын Эксим банкны 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.

2015 онд Засгийн газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд тус бүр 4000 айлын түрээсийн орон сууцтай болох зорилт тавьсан. Одоогоор ТОСК-ийн захиалгаар баригдсан 1512 орон сууц байгаагаас 1152 байранд айл оруулаад байна. Цаашдаа “Ногоон хувийн орон сууц”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил нийслэл 56.3 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтэц, шугам, сүлжээний ажилд зарцуулна. Мөн БХБ-ын сайдын багцаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа.

“Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв АХБ-ны санхүүжилтээр уурын зуух барихаар төлөвлөж байсныг болиулж, төвлөрсөн дулааны шугамд холбох бэлтгэл ажлыг хийж байгаа. Түүнчлэн ирэх онд Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд гэр хорооллын иргэд ипотекийн зээлийн адилаар зээл авч, өмчлөлийн газартаа хувин орон сууц барих боломжийг бүрдүүлэх юм. Санхүүжилтийг АХБ-тай хамтран шийдвэрлэхээр ярилцаж байна.

Энэ оны эхний байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл нэг их наяд төгрөг байна. Засгийн газар, БХБЯ-наас ипотекийн зээлийн хугацааг 20 жил байсныг 30 болгон сунгасан” гэлээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуув.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зөвхөн олон давхар орон сууц барих нь буруу хэмээгээд, “Хөрөнгө, мөнгө бага гээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоож болохгүй. Айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох хэрэгтэй. Үүнд хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ” хэмээн тодруулав.

Гэр хорооллын 200 өрхийн дунд нэг “Service centre” буюу инженерийн дэд бүтцийн бичил төв байгуулахаар төлөвлөж байгааг БХБ-ын сайд дурьдаад, “Нэг бичил төв байгуулахад 3-5 тэрбум төгрөг шаардлагатай. 2020 оноос өмнө 20 мянган айлыг инженерийн дэд бүтцэд холбоход 100 бичил төв байгуулах шаардлага бий болно. Үүнд 300-500 тэрбум төгрөг зарцуулах болно гэсэн үг. Тиймээс БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар Засгийн газар дээр яригдаж байна” гэсэн хариулт өглөө.

Хотын төвлөрлийг сааруулахын тулд алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлээд, “Төсвлөрөл их байгаагаас өвөл утаа, зун хөрсний бохирдол их байдаг. Тиймээс эрдэмтэдийн бүтээсэн дэвшилтэт технологиудыг ашиглах шаардлагатай” гэлээ.

НЗД С.Батболд, “Утаанаас гадна хөрсний бохирдол томоохон асуудал болоод байгаа. Дэлхийн хөгжиж буй орнуудын туршлагыг судалж, сайн жишгийг нэвтрүүлэх чиглэлд онцгой анхаарах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Туул голын орчмоос хайрга олборлох асуудлыг бүрэн зогсоосонд хотын даргад талархал илэрхийлээд, “Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 171 барилга бий. Энэ асуудлыг хэзээ, хэрхэн шийдвэрлэх вэ” хэмээв.

НЗД С.Батболд, Эхний ээлжинд ашиглалтын шаардлага хангахгүй болсон 56 барилгыг дахин төлөвлөхөөр сонгон шадгаруулалт зарласан. Хуучны барилгууд байршил сайтай байдаг тул аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад дуртай оролцдог” гэсэн хариулт өглөө.Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Сэтгүүлч Д.Намуун

+ There are no comments

Add yours