Шүүхийн шинэтгэлийн үр дүнг судалжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” судалгаа хийжээ.

Уг судалгааны нэг хэсэг нь  “Шүүхийн шинэтгэлийн үр дүн, хэрэгжилт” аж. Судалгааны баг “Шүүхийн шинэтгэлийн үр дүн, хэрэгжилт” тайланг хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлэгт судалгаа хийсэн баг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүгчид, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Монголын хуульчдын холбоо”, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Алтансүх судалгаагаа 1993-2002 он, 2002-2012 он, 2012 оноос хойш хийгдэж буй шинэтгэл гэсэн агуулгын хүрээнд хийснээ танилцууллаа.

2012 оноос хойш хийсэн шүүхийн шинэтгэлээр шүүхийн бие даасан байдал, тэр дундаа шүүхийн эдийн засгийн баталгаа сайжирсан талаар судалгаанд онцоллоо. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан, Шүүхийн багц хуулиудад эдийн засгийн баталгааг хангах талаарх зохицуулалт тусгасантай холбоотой гэж дүгнэсэн байна. Гэвч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс шүүхийн төсвийг бууруулах ёстой гэсэн хандлага хэвээрээ байгаа. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон нь шинэтгэлээсээ ухарсан алхам болсон гэж үзжээ.

Сэтгүүлч Баясгалан

+ There are no comments

Add yours