Жи таймд элсэгч бүхэн хохирогч биш

“Жи тайм” компанид элсэгчдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.  “Жи тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй зургаан хүнийг хил даван, оргон зайлахыг завдсан хэмээн 2017 оны хоёрдугаар сарын 16-нд баривчлан, саатуулсан билээ. Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулсан юм. Түүнийг хоёрдугаар сарын 10-ны өдөр түр хугацаагаар хилээр гаргахыг нь хориглосон байхад ийнхүү гарахыг завдаж байгаад баригдсан юм.

Өнгөрсөн аравдугаар сараас Монголд үйл ажиллагаа явуулсан “Жи тайм” компанийн үйл ажиллагаанаас болж 10 мянга орчим иргэн хохирогч болсон гэж үзэн, энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаа юм.

Тэгвэл тус компанид элсэн, үйл ажиллагаа явуулж байсан иргэд өөрсдийгөө хохирогч биш гэдгийг мэдэгдэв.

Тэд “Тус компани Монгол Улсад  үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж байсан, улсад татвараа төлж байхад цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоож байгааг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж байна. Хэрэв компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан бол элсэгчид мөнгөө аваад, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байсан” гэдгийг онцоллоо.

Элсэгчдийн төлөөлөл Н.Тогоонхорол “Энэ компанийн үйл ажиллагааг буруу гэж үзэж байсан бол Улсын бүртгэлийн газар анхнаасаа бүртгэж авахгүй, татвар төлүүлэхгүй байх байсан. Төр үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч, бүх дүүргийн татварын хэлтэст “Жи тайм” компанид элссэн хүмүүс авсан мөнгөнийхөө хэмжээгээр татвар төлж байгаа. Хэрэв энэ компанийн үйл ажиллагаа буруу, хууль зөрчиж байгаа бол компанийн ажилчдаас татвар авахгүй, үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх нь төрд байгаа. “G-time” корпорациас бараа худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн олон  мянган хүн эдийн засаг, санхүүгийн хараат байдалд орж, сэтгэл санааны асар их дарамтад орж байна” гэлээ.

Тус компанийн шууд худалдааны бизнесийг эрхлэгчид ах дүүгээсээ зээл авч, эхнэр нөхөр, хамаасан саднаа татан оролцуулсан 30-192 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд нэг ч төгрөг авч чадаагүй ч хүн олон байгаа гэнэ. Мөн тэд компанийн маркетингийн зарчмаар шударгаар ажиллаж байсан хүмүүсийн мөнгийг дундаас нь луйварддаг бүлэг хүмүүсийн уршгаар өнөөгийн энэ нөхцөл үүсээд байгаа гэлээ. “Жи тайм” компанид элсэгчдийн дунд үндсэн зарчмаараа ажиллаад 8000 ам.долларын цалин авч, өөрийн багийн нэг ч хүнийг хохироогоогүй ажиллаж байсан багууд байгаа гэнэ.

 

“Жи тайм” компанид 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл олгожээ. Өнгөрсөн хугацаанд тус компани нэг тэрбум 250 сая төгрөгийн татварыг улсад төлсөн байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ний байдлаар нэг тэрбум 398 сая төгрөгийн татвар төлөхөөр төлөвлөж байсан гэдгийг компанийн төлөөлөл хэллээ. “Жи тайм” компанид элсэгчдийн зүгээс Ж.Марат тэргүүтэй хүмүүсийн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч энэ бизнест  хөрөнгө оруулсан иргэдийн нэг нь ч хохирлоо барагдуулаагүй, хэргийг  шалгаж дуусахыг хүлээхэд хүнд, байдал хурцадмал  болсон тул хохирогчид нэгдэж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, санхүүгийн хүнд байдлаас гарахын төлөө цаашид тэмцлийн олон хэлбэрийг сонгоно гэдгээ илэрхийллээ.

 Сэтгүүлч Намуун

2Comments

Add yours

+ Leave a Comment