Залилан мэхлэх гэмт хэрэг өссөөр байна

Цагдаагийн ерөнхий газраас  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт онол, практикийн бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн болон төрийн бус 26 байгууллагын төлөөлөл, Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнууд оролцов.

Онол практикийн бага хуралд оролцогчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар харилцан санал бодлоо солилцсон юм. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батчулуун  “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1990 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн нөхцөлд дүгнэлт хийж үзлээ. Манай улс хуульдаа бид 200 гаруй гэмт хэргийг хуульчилсан. Үүнээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг эзэлж байна. Үүний ард архидалт, гэр бүлийн хүчирхийлэл байдаг. Мөн залилан мэхлэх гэмт хэрэг өсөх хандлагатай, дангаараа 10 орчим хувийг эзэлсэн. Үүний дараа авто ослын хэрэг байна.

Бидний анхаарах ёстой гол чиглэл бол шинэ төрлийн гэж яриад байгаа хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдах, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг сүүлийн таван жилийн судалгаа харуулна. Эдгээр төрлийн гэмт хэргийн нийт тоо улсын хэмжээнд эзлэх хувь бага боловч нийгмийн хор аюул, шинж чанараараа аюултай юм. Энэ бол бидний анхаарч ажиллах нэгэн чиглэл” хэмээн хэллээ.

Энэ үеэр “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө  “Бид үзэгдэлтэй их тэмцдэг болж. Тэр үзэгдэл бий болж байгаа мөн чанар руу нийтээр анхаарах ёстой. Гэтэл тэр зүйл орхигдоод байна. Гэмт хэрэгтэй тэмцэх бол дан цагдаагийн байгууллагын ажил бус, нарийн яривал зөвхөн төрийн байгууллагын ч үүрэг биш. Иргэд бид эргэн тойрондоо амгалан тайван орчин бүрдүүлэхийн тулд ямар үүрэг хариуцлага хүлээх, түүнээ хэрхэн биелүүлж байна гэдгээс асуудлыг эхлэх ёстой” хэмээлээ.

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours