Тэтгэвэрт гарах насыг сонголтоор шийдвэрлэх санал гаргав

УИХ-аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхэд гишүүдийн 82.5 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох хэрэгтэй. Хүсээгүй байхад нь тэтгэвэрт гар гэж өргөдлийг нь бичүүлдэг. Хэрэв сонголттой болгочих юм бол хүссэн нь ажлаа үргэлжлүүлж хийдэг, тэтгэвэртээ гаръя гэсэн нь эмэгтэй 50, 55 насандаа, эрэгтэй нь 60 насандаа тэтгэвэртээ гардаг байхаар л зохицуулалт хийчихэд болно.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчилан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно.

Нийгмийн даатгалын сан дампуурчихсан нь үнэн. Үүнд С.Эрдэнэ буруутай нь үнэн. Энэ тухай баримт дэлгэнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Зардлыг бууруулах замаар төсвийн алдагдлыг буруулна гэсэн ойлголттой байна. Эдийн засгийн өсөлтийг 0.2 хувиар төсөөлж болохгүй, дахин тооцох ёстой. Татвар нэмж байгаа учраас урсгал зардлыг нэмэх боломжгүй гэдэг дээр тохирч байгаа.

6 их наяд төгрөгийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар бүгд ажиллах шаардлагатай. Маш их боломж байна. Ашигт малтмалыг нэг цонхны бодлогод оруулж, нэг үнээр явуул. Нэг гэрээ хийгээд цаашаа аж ахуйн нэгж нь экспортолдог юм руу явах хэрэгтэй.

Монгол Улсын эдийн засагт барих, шилжүүлэх концесс байх ёсгүй, ойрын жилүүдэд хязгаарла.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засаг хүндрэлтэй үед дарамт учруулна. Үйлдвэр аж ахуйн газрууд хүнд байдалд байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй. Төсвийн байгууллагад хүндээр нөлөөлөхгүй. Уул уурхайнханд том нөлөөлөхгүй. Хөнгөн үйлдвэрийнхэнд хүнд тусна. Хугацааг нь анхаарах.

Оруулж ирсэн төслөөр бол 2018 онд тус бүр 2 хувиар, 2019 онд 1 хувиар, 2020 онд 2 хувиар тус бүр нэмэхээр байгаа. Эхний үед шимтгэлийг багаар нэмж, сүүл рүүгээ өсгөх бодлого баривал ямар вэ. Ингэвэл эдийн засаг хүнд үед очих дарамтыг бууруулна” хэмээлээ.

+ There are no comments

Add yours